Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа.
Өнөөдрийн байдлаар 48,346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020 оны 12 дугаар сарын 6-ны 08:00 цагаас 12 дугаар сарын 7-ны 08:00 цагийн хооронд 22,631 хүнд уг шинжилгээг хийснээс 22,513 PCR-ийн сорьц авч ХӨСҮТ рүү илгээлээ.
Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс