ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбогдох албан тушаалтнуудад “COVID-19”-ийн эсрэг сайн дурын вакцинжуулалтын хөтөлбөрийг улсын хэмжээнд эхлүүлэх үүргийн энэ сарын 4-ны өдөр өгсөн билээ.
Тэгвэл ОХУ-ын нийслэл Москва хотын нийт 70 эмнэлэгт шинэ коронавирусний вакцинжуулалт эхэллээ.
Вакцинд олон хүнтэй харьцдаг үйл ажил эхэлдэг эрсдэлт бүлгийн иргэд хийлгэх юм.Тодруулбал, багш, эмч, нийгмийн ажилтнуудыг эхний ээлжид вакцинжуулалтад хамруулах юм байна. ОХУын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 2-ны өдөр шадар сайд Татьяна Голиковад ирэх 7 хоногоос бүх нийтийг вакцинжуулалтад хамруулах үүрэг өгсөн юм. Энэ үеэр олон нийтийг вакцинжуулалтад хамруулж эхлэх хэмжээний буюу 2 сая тун вакцин хэдийн үйлдвэрлээд байгааг мэдээлсэн юм.
Эхний ээлжид вакцинжуулалтад 18-60 насны хүмүүсийг хамруулахыг Москва хотын захиргаанаас мэдэгдсэн. Өчигдрөөс нийслэл хотын боловсрол эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын гар утсанд үнэ төлбөргүйгээр вакцинжуулалтад хамрагдах эрхтэй болохыг нь мэдэгдсэн мэссэж илгээсэн байна.
Вакцинжуулалтад жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй түүний дотор элэгний В, С вирустэй, хүмүүсийг хамруулахгүй юм байна. Спутник Ви вакциныг нийт 2 тун хийнэ. Вакциныг хийхэд нэг хүнд ойролцоогоор нэг цаг зарцуулж байгаа ажээ. Учир нь вакцин хийлгэж байгаа хүний биеийн байдлыг ажиглах ажиллагаанд багагүй цаг зарцуулж байгаа гэнэ.
Москва хотноо төвтэй Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн эрдэмтдийн боловсруулсан уг вакцин нь клиник туршилтын гуравдугаар үе шатны судалгаагаар “SARS-CoV-2” вирусийн эсрэг 95 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдсон юм. Вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай тарьж туршихад эхний тунг тарьснаас хойш тухайн хүнд 42 хоногийн дараа вирусийн эсрэг дархлаа үүсэж байгаа аж.
Мөн вакцин хөгжүүлэгчдийн мэдээлснээр туршилтад хамрагдсан 40 мянга гаруй сайн дурын оролцогчдод вакциныг тарьж туршихад хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл бүхий ямар нэгэн гаж, сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Харин нийт судалгаанд хамрагдагсдын 5.7 хувьд нь булчин хөдрүүлэх, жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, 37 хэмээс дээш халуурах, 4.7 хувьд нь тариулсан газар нь хөндүүрлэх, загатнах, хавагнах, улайх, 1.5 хувь нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх зэрэг вакцины ердийн шинж тэмдгүүд илэрчээ.
ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусний халдварын 28 782 тохиолдол бүртгэгдэж нийт 2 сая 431 мянга гаруйд хүрсэн байна. Түүнчлэн нас баралт 508-аар нэмэгдэж 42 мянга 684-т хүрчээ. Харин дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт Ковид-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 624 мянга гаруйгаар нас баралт 12166 мянгаар нэмэгдсэн байна.
Л.Баяр