Цахим орчинд “Дорноговь аймаг дахь хилийн 0168 дугаар ангийг нүүлгэн шилжүүлж, анги байрлаж байсан хуучин газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна”, “Улсын хилийн шугамыг дотогш 40км, 19 км ухраан татсан” гэх худал мэдээллийг зарим иргэн фэйсбүүкийн хуурамч хаягаас цацаж олон нийтийг төөрөгдүүлсэн билээ.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, цахим орчинд худал мэдээлэл түгээсэн иргэдийг тогтоож, эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон Нийттэй Харилцах Албанаас мэдээлээ.
Эрүүгийн хэргийн хуульд худал мэдээлэл тараасан тохиолдолд 13.14 дүгээр зүйл: Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэн байдаг.
Л.Баяр