Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорио тогтоогоод байгаа энэ үед архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоод байгаа билээ. Гэвч хорио цээр тогтоосон энэ өдрүүдэд архи согтууруулах ундааг нууцаар худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байна.
Зөрчлийн тухай хуулиын 5.13-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.
Цагдаагийн байгууллагын зүгээс Гамшгийн тухай хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг сануулсаар байгаа ч зөрчил үйлдэгдсээр байгаа юм.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс нууцаар архи худалдан борлуулж байсан хэд хэдэн зөрчлийг илрүүлээд байгаа тухай мэдээллээ.
1. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эмнэлгийн тойрог орчимд 6х-0х унк улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн А, Л нар 12 ширхэг пиво, 4 шил Соёрхол, 2 шил Экс нэртэй архи худалдан борлуулах зорилготой авч явж байсан,
2. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-0х УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь Сэнгүр нэртэй 5 литрийн пиво 30 ширхэгийг худалдан борлуулахаар авч явж байсан,
3. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд иргэн Б нь 0.5 литрийн Экс нэртэй архи 3 шилийг худалдан борлуулахаар авч явж байсан,
4. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны орчимд 9х-1х УНЦ тээврийн хэрэгсэл ашиглан иргэн У нь wild turkey нэртэй 1 шил виски худалдан борлуулахаар авч явж байсан,
5. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 байрнуудын орчим 0х-0х уня улсын дугаартай lx570 маркийн автомашинтай иргэн Ц нь 5 шил Экс нэртэй архи, 2 ширхэг пиво нууц далд аргаар тус тус худалдан борлуулж байсныг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн ажилласан байна.
Н.БАТАА