Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорионы үед үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлж, ШӨХТГ-аас өдөр бүр хяналт тавин ажиллаж байгаа билээ. Тус газраас өчигдрийн хяналт шалгалтынхаа талаар мэдээллээ.
1. Улаанбаатар хотын 5 дүүргийн болон Орхон, Өвөрхангай аймгийн нутагт дэвсгэрт байрлах 98 зах, дэлгүүр, 24 эмийн санд хяналт шалгалт хийж байна.
2. Хүчит шонхор захад махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1 тонноор өсч 94 тонн нийлүүлэгдсэн байна.
3. Хархорин захад борлуулагдаж байгаа махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад тогтвортой байна. Өнөөдөр тус захад 6 тонн мах нийлүүлэгдсэн байна.
4. Хяналт шалгалтанд хамрагдсан нийт 98 зах, дэлгүүрээс үндэслэлгүйгээр төмс, лууван, сонгино, сүү, өндөг, махны үнэ нэмсэн 15 зөрчил илрүүлж улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
5. Хэрэглэгчээс ирүүлсэн 5 гомдлын дагуу хяналт шалгалт хийж үндэслэлгүйгээр үнэ нэмсэн 4 зөрчлийг, кассын үнэ лангууны үнээс зөрсөн 1 зөрчлийг тус тус илрүүлж улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
6. Хяналт шалгалтанд 24 эмийн сан хамрагдсан бөгөөд нөөц хангалттай, үнэ тогтвортой байна.
7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 45 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 14, чатботод 16, дуут шуудангаар 1, ибаримт апликэйшнээр 14 байна.
8. Орхон аймагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 01/56 дугаартай удирдамжийн дагуу улсын байцаагчид тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөлтэй хамтрас тус аймагт мод, түлээ бэлтгэн нийлүүлдэг аж ахуй эрхлэгчид нь түлээний үнийг үндэслэлгүй нэмсэн эсэх, түлээний нийлүүлэлтэд зохиомол хомсдол бий болгосон эсэхэд хяналт шалгалтыг хийж байна.
9. ШӨХТГ-т зарим иргэдээс ирүүлсэн “Томоохон сүлжээ дэлгүүрүүд хүнсний бараанаас гадна ахуйн бараа бүтээгдэхүүн зарж байхад зарим барааны дэлгүүрийг ажиллуулахгүй байна” гэсэн гомдолд Улаанбаатар хотын захирагчийн Захирамжтай холбогдуулан 12 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодруулга хүссэн боловч одоогоор хариу ирээгүй байна.
10. Өвөрхангай аймгийн Ашнай, Наран супермаркет, Монос хангай эмийн санд тус тус хяналт шалгалт хийсэн. Ашнай дэлгүүрт дээд гурил 1750, 1 дүгээр гурил 1500, цагаан будаа 3850, элсэн чихэр 2800, ургамлын тос 5700, өндөг 500 төгрөгийн үнэтэй байна. Тус дэлгүүрт үнийн мэдээллийг ил байршуулах шаардлагыг өгч ажилласан. Наран супермаркетад 1 дүгээр гурил 1350, цагаан будаа 2500, элсэн чихэр 2400, ургамлын тос 5000, өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.
11. Хэрэглэгчээс ирүүлсэн “Хан-Уул дүүрэгт байрлах “Жамц” дэлгүүрт өндөг 420 төгрөгөөр зарж байна” гэх гомдлын дагуу тус дэлгүүрт хяналт шалгалт хийж, өндөгний үнийг 400 болгон бууруулж, зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
12. Хэрэглэгчээс ирүүлсэн “Баянзүрх дүүрэгт байрлах “Драгон” бөөний төвд нийт бараа бүтээгдэхүүний үнэ өссөн” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, тогтвортой байсан нь тогтоогдсон.
13. Хэрэглэгчээс ирүүлсэн “Эко мини маркетэд АПУ ХК-ний “Цэвэр” сүүний үнэ нэмэгдсэн” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд 3200-аас 12 дугаар сарын 04-ний өдөр 3500 төгрөг болж нэмсэн нь тогтоогдсон. Улсын байцаагчийн шаардлага өгч үнийг 3200 болгон бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
14. Хэрэглэгчээс ирүүлсэн “Зайсанд байрлах Оргил худалдааны төвийн кассын үнэ лангууны үнээс зөрүүтэй байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд кассын үнэ, лангууны үнэтэй зөрж байгаа нь тогтоогдсон тул улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
15. Ибаримтын аппликэйшнээр хэрэглэгчээс “Баянгол дүүрэгт байрлах Нандинжин хүнсний дэлгүүрт өндгийг 430 төгрөгөөр зарж байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийж өндөгний үнийг 400 төгрөг болгон бууруулж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар