Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдварын голомт үүссэн байна. Энэ голомтоос гэр бүлийн болон найз нөхдийн хүрээний 20 орчим халдварын тохиолдол батлагджээ. Үүнтэй холбоотойгоор голомтот хэсгийг тойрсон гудамжнуудад хөл хорио тогтоогоод байгаа ажээ.
Халдвар авсан иргэдийн гэрийн хаягийг олон нийтэд зарлахад халдвар гарсан айл өрхийн хүүхдүүдийг амьдарч байсан гэрээс нь хөөж явуулах, гэрийнх нь цонх руу чулуу шидэх зэрэг үйлдэл гарч байгаа юм байна. Иймд хөл хорио тогтоосон газрыг яг хаанаас халдвар илэрснийг дахин дахин хэлэхийг албаны хүмүүсээс шаардахгүй байхыг хүсье гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн үргэлжлүүлэн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нэгэнт энэ амьсгалын замын халдварт өвчин учраас хүн бүр өвдөх эрсдэл бий. Энэ эрсдэлээс амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх зэргээр өөрийгөө хамгаалах ёстой болохоос зөвхөн өвчин туссан хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл байх ёсгүй. Хамтын хүчээр л эв нэгдэлтэйгээр энэ өвчний ард бид гарч чадна” гэлээ.
Л.Баяр