2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг арванхоёрдугаар сарын 4-нд хэлэлцэж байна. Төсвийн тухай хуулиар арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвүүд батлагдах ёстой. Хоригийг хэлэлцэж байх энэ үед орон нутгийн төсвийг батлах ажиллагаа ид явагдаж байна. Үүний дараа сум, дүүргүүд арванхоёрдугаар сарын 20-ны дотор батална. Төсвийн жил нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь илүү улс төрийн зорилготой нь ойлгогдож байна.
Төсвийн хоригийг хүлээж авлаа гэж бодоход энэ асуудал ирэх оны нэгдүгээр сар руу шилжинэ. Төсвийн жил эхэлж байхад хоригоор дамжсан тодотгол хийх шаардлага гарна. Төсвийн цаглабар хуультай уялдаж явдаг.
Ерөнхийлөгчийн саналуудыг учир дутагдалтай гэж үзэж байгаа. Ерөнхийдөө хориг хууль зүйл асуудалтай.
Хоёрдугаарт, бид Венесуэлийн жишээг бодох ёстой. Мөнгөн дүнгээр нэг сая төгрөг өгөх тухай асуудал ярьж болох юм. Бодит дүнгээр өгч чадах уу үгүй юу.
Иргэдэдээ тусалж, эдийн засгаа дэмжиж байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд маш нарийн зүйл.
Вакцин авах мөнгөний тухайд яагаад гаднын байгууллагуудын мөнгөөр авах гээд байгаа юм бэ гэдгийг Сангийн сайдаас асуумаар. Манай улс яаж ч ядарсан байлаа гээд вакцинаа авчих хэмжээнд байгаа. Энэ мөнгийг төсөвт суулгаагүй гэж яриад байна. Төсвийн эх үүсвэрийн орлого талд нь гаднын зээл тусламж угаасаа байдаг зүйл. Гаднаас вакцин авахад зориулах зээл нь эдийн засгийн бус хүмүүнлэгийн зээл. Хүмүүнлэгийнх учраас түргэн, шуурхай, хямд гэж ойлгоод байгаа. Үүн дээх ядмагхан улс төр хийж байгааг эсэргүүцэж байна.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Ж.Сүхбаатар гишүүн өөрийнхөө асуултад бараг хариулчих шиг боллоо. Вакцин худалдаж авахын тулд Дэлхийн банк, ДЭМБ-ны төсөлд хамрагдаж байгаа. Товчхондоо үүнд хамрагдсанаар оочер дайрч байгаа гэж ойлгож болно.
Бизнес талаасаа хоёр сая вакцин гэдэг үйлдвэрлэгч талаасаа бага хэмжээний худалдаа болно. Магадгүй 180-аад орны төгсгөл рүү ч очих эрсдэлтэй. Дэлхийн банк болон ОУВС зэрэг дэлхийн улс гүрнүүдийн нэгдэл болсон эдгээр байгууллагуудтай сүүлийн жилүүдэд хамтарч ажилласны үр дүнд үүссэн харилцаагаа ашиглаж дээрх дурдсан харилцаанд нэгдэж орсноороо Монгол Улс вакцины худалдан авалтын тэргүүн эгнээний цөөхөн улсуудын жагсаалтад орох боломжтой болох юм.
Хамгийн том давуу тал нь тэр зээлд хамрагдсанаар нийт вакцины 20 хувийг үнэгүй авч байгаа. 80 хувийнх нь төлбөрийг хийнэ. Хамгийн үнэтэйдээ найман ам.доллароор авлаа гэж бодъё. Гурван сая хүнд 24 сая ам.доллар шаардлагатай. Зээлээр авах 50 сая ам.доллароос гадна төсөвт тусгасан 20 саяын нөөц байгаа. Ингэхээр бүх иргэдээ вакцинд хамруулах боломжтой байна. Вакцины зардал 2021 оны төсөвт бүрэн тусгагдсан.