Гадаад худалдааны шугамаар хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах цахим систем (SIRM)-ийг манай улсад ашиглалтад оруулаад байна.
Энэ ажлыг Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) хариуцан ажиллаж байна. Тус системийн тусламжтайгаар ҮХГ нь хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн гомдлыг цахимаар хүлээн авч, төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах замаар гомдлыг үр дүнтэй шийдвэрлүүлэхэд хөрөнгө оруулагчдад тусалж дэмжих юм.
SIRM системээр ямар төрлийн гомдлыг хүлээн авах, гомдлыг шийдвэрлэж буйг хянах зэрэг үүрэг, ач холбогдлын талаар ҮХГ-ын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Дашдэмбэрэл өчигдөр Америкийн Худалдааны танхим (АмЧам)-д болсон “Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг хамгаалах” сэдэвт цахим уулзалтын үеэр танилцууллаа.
Аливаа хөрөнгө оруулагч төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас худалдаа, бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэн гомдлоо барагдуулахыг хүсвэл ipc.gov.mn вэбээр орж цахимаар гомдлоо мэдүүлэх, шийдвэрлэлтийг олон талын оролцоотой, ид тод хянах боломжтойг тэрээр хэлэв.
Ингэснээр хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлын талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдэх аж. Мэдээллийн сан нь бизнес, хөрөнгө оруулалтын орчин, түүний зохицуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх боломж олгож, цаашид бодлогын түвшинд өөрчлөлт хийх үндэслэл болно гэдгийг хэлж байна.
Гадаад худалдааны шугамаар хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах цахим систем (SIRM)-ийг Дэлхийн Банк группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-ын санхүүгийн дэмжлэгээр ашиглалтад оруулж байна.