1974-1981 онд Францын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Валери Жискар д’Эстен коронавирусээр үүсгэгддэг хүндрэлийн улмаас 95 насандаа таалал төгслөө.
Тус улсын улс төрийн хамгийн нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг байсан тэрээр Луар ба Шер мужид, гэртээ амьсгал хураасан гэнэ. Тэрээр COVID-19-ээс гадна хэд хэдэн өвчин хавсарч байжээ.
Арваннэгдүгээр сард д’Эстен Тур хотын нэгэн эмнэлэгт зүрхний дутагдлын улмаас эмчлүүлж байсан. Мөн есдүгээр сард уушгины дутагдлын эмчилгээ хийлгэж байсан аж.
Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Парисыг чөлөөлөх хөдөлгөөнд оролцож байсан энэ улстөрч генерал Шарль де Голлийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан.
Тэрбээр санал өгөх насыг 18 болгон бууруулж, үр хөндөлтийг хуульчилж, гэр бүл салах үйл явцыг хялбаршуулж, дагавар хүүхдүүдийн эрхийг хамгаалж, түүнчлэн АНУ, Япон, Герман, Британи, Франц зэрэг аж үйлдвэрийн хувьд хөгжсөн 5 улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг санаачилсан нь сүүлдээ Итали, Канад нэмэгдэж, “Их 7” болгон нэмэгдүүлжээ.