Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Уг хэлэлцээрийг соёрхон батлах төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Энэ зээл ОУВС-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ төлөх гэхээр гадаад зээлийн эх үүсвэрээр зээлээ төллөө гэж цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэн боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй биз дээ.
Хоёрдугаарт, зээлийг иениэр хийгдэж байгаа гэж ойлгосон. Ханшийн эрсдлээс хамгаалсан ямар зохицуулалт хийж байгаа вэ” гэх асуултыг асуусан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ бол ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй хамаагүй зээл. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.долларыг л авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа.
Энэ зээлийг зөвхөн ковидтой холбоотой асуудалд зарцуулна. 2020 оны 4-10 дугаар сарын хооронд авч хэрэгжүүлсэн ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртлэх борлуулалтын орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ.
Ханшийн эрсдлийг зохицуулж байгаа. Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна” гэв.
Н.БАТАА