ЭМЯ-ны дэмжлэг, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны төслийн санхүүжилтээр ЭХЭМҮТ-ийн ариутгал халдваргүйтгэлийн тасагт иж бүрэн засвар хийж, хамгийн сүүлийн үеийн дамжлагат техник технологи суурилуулан үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Төслийн хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийн олон дамжлагат автомат систем, бүхий л шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, агааржуулалтын систем бүхий вакуумжсан ариун орчин буй боллоо. Мөн тус төв нийт гурван тонн цэвэр усны нөөцийн банк бүхий ус цэвэршүүлэх системтэй болов.
Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн бүтэц зохион байгуулалт, урсгалыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн бүрэн өөрчилж, их засвар хийсэн байна.
“Сүүлийн жилүүдэд өндөр түвшний мэс засал, оношилгоо эмчилгээний шинэ технологиуд ар араасаа хурдацтай нэвтрэхийн хэрээр ариутгал, халдваргүйтгэлийн тогтолцооны шинэчлэл хурцаар тавигдах болоод байв.
Ийнхүү өвчтөнд үзүүлэх тусламжийн чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах, эмнэлгээс шалтгаалах халдварыг бууруулахад асар том ахиц дэвшил гарлаа” хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр онцлоод төслийг дэмжсэн болон хэрэгжүүлэн ажилласан хүмүүст талархал илэрхийллээ.