Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр зорилтот бүлгийн 650 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.
Төрөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, өрх толгойлсон гээд холбогдох хэлтэс, хороодоос ирүүлсэн судалгаанд үндэслэн хоол, хүнсний дутагдалд орж болзошгүй өрхүүдэд ийнхүү нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн байна.
Зорилтот бүлгийн өрхүүдэд олгож буй энэхүү хүнсний багцын тусламж хоёр удаагийнх бөгөөд нийтдээ 1150 өрхөд олгожээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Онцгой комисст Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн I курсийн сонсогчид гэр хорооллын зорилтот бүлгийн 50 өрхөд зориулж, хүнсний багцын тусламж үзүүлж байгаагаа өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хүнсний багцад зургаан нэр төрлийн хоол, хүнсний бүтээгдэхүүн багтжээ. Эдгээр оюутан нь дүүргийн гэр хороолол бүхий хороодод эргүүл, хамгааллын үүрэг гүйцэтгэж байгаа сонсогчид юм.