Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.НОК-ын гишүүн, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:
-Засгийн газраас бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол гаргасан. Уг чиглэлээр нийслэлд 18 салбарын нийт 13 мянга гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас 18 салбарын 13 мянган аж ахуй нэгжид цахимаар мэдэгдлээ хүргүүлж байна. Хяналт шалгалтыг цахимаар хийнэ. Мөн иргэдээс цахимаар гомдол хүлээж авч байгаа. Мөн байгууллагын цахим хуудсанд зөвлөмж мэдээллийг байршуулсан.
ААН-д хүргүүлж буй мэдэгдэл нь:
Эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм сахин мөрдөх
Ажлын байранд их цэвэрлэгээг 2-3 удаа хийх
Ажилчдаа сайн дурын шинжилгээнд хамрагдах
Гэрийн тусгаарлалтад байгаа бол тухайн ажилтанд чөлөө олгох
Ажилчдын ширээ сандлыг 1,5-2 метрийн зайд байршуулах
Гар халдваргүйтгэлийн уусмал байршуулах зэрэг шаардлагуудыг ажил эхлэхийн өмнө тавьж байгаа.
Өдөр тутмын үйл ажиллагаанд, ДЭМБ, ЭМЯ, УОК, НОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллана. Мэргэжлийн хяналтын газраас өгсөн 31 заалт бүхий мэдэгдлийг хэрэгжүүлж ажиллахгүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.
Мөн хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байгаа. Гэр хороолол, захын хорооллуудад хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарах зөрчил нийлээдгүй гарч байна. Өнгөрсөн өдрүүдэд хугацаа нь дууссан хиам, хэрчсэн гурил, торт нилээдгүй илэрсэн. Үүнийг устгаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх үйлдвэрүүд, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарын бэлэн байдал, эмийн сангийн үйл ажиллагааг шалгалт хийж байна.
Л.Баяр