УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.01) хуралдаанаар “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “УИХ-ын гишүүн нь Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах эрхтэй”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.” гэж тус тус заасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
“Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуулт, санал гарсангүй. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувийн саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулна.