Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн хоёр тохиолдол батлагдсан учир тус сумаас гадна халдвар авсан иргэний зорчсон Ихтамир суманд 72 цагийн тэг зогсолт зарласан. Тэг зогсолын хугацаа өнөөдрийн 18.00 цагт дуусаж байна.
Шинэ халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Архангай аймагт Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 10 хоногоор сунгасан билээ. Батцэнгэл, Ихтамир суман дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон суманд орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглож, өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоогоод байна.
Нийслэлд гацсан иргэдийг татан авах ажил 12-р сарын 1-нээс эхлэх байсан боловч Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор сунгасан тул Архангай аймгийн Онцгой комиссоос иргэддээ 12-р сарын 11-ний өдрийг хүртэл хүлээцтэй хандахыг санууллаа.
Архангайн чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлсэн иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол 12-р сарын 10 хүртэл хойшилсон тул шинжилгээний хариу хүчингүй болохыг мөн анхааруулсан байна. Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэнийг мөн хугацаагаар хойшлуулжээ.
Л.Баяр