Ардчилсан намын ҮБХ-ны өнөөдрийн цахим хурал Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл сэдвийн хүрээнд боллоо. Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Энэ 14 хоног эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлснийг МҮХАҮТ судалсан.
МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, тээвэр, мэдээллийн технологийн салбарын 3500 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан цахимаар судалгаа авсан байна. Борлуулалтын орлогоор нь ангилж үзвэл судалгаанд оролцогсдын 41 хувийг 100 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж эзэлж байсан бол таван тэрбум төгрөгөөс дээш орлоготой нь есөн хувийг бүрдүүлжээ. Ажиллагсдын тоогоор гэвэл 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай, 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч байжээ. Уг судалгааны үр дүн цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлснийг харуулж байна.
Тухайлбал, үйлчилгээ, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр, барилга тэргүүтэй эдийн засгийн голлох суурь салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн, хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна гэжээ. Энэ тухай ерөнхий мэдээллийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ҮБХ-ны гишүүдэд товч танилцуулсан юм.
Э.Долгион: ЗГ асуудлыг улс төрийн “линз”-ээр харж, сошиалд хөтлөгдсөн, зориггүй шийдвэрүүд гаргаж байна
Өнөөдрийн хуралд ҮБХ-ны гишүүн Э.Долгион дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн хямралаас даган гарч буй Эдийн засгийн хямралаа хэрхэн зохицуулж, аж ахуйн нэгжүүдээ хамгаалан авч үлдэж байгаа жишээнүүдийг онцлон ярьсан юм. МҮХАҮ-ын танхимаас хийсэн судалгаагаар 10 компани тутмын 1 нь дөнгөн данган ажиллаж байна. Шатаах өөх байхгүй болсон. Иргэдийн хувьд хадгаламж байхгүй болж, өр тавиад эхэлсэн. Гэтэл ЗГ-аас авч байгаа арга хэмжээ нь жин багатай бөгөөд хангалтгүй шийдвэрүүд гаргаж байна гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тэрээр дэлхийн бусад улс орнуудын ЗГ хөнгөлөлт үзүүлэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх ажлыг давхар хийж байхад манайд тэгэхгүй байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж цөөрч байна.Цаашид хэрхэх, яах вэ гэдэгт ямар ч шийдэлгүй сууж байгааг онцолсон.
Хурлын төгсгөлд эдийн засаг хүндэрсэн энэ цагт өрх болон үйлдвэрлэгчдээ тэтгэсэн өрх бүрд 1 сая төгрөгийн эрхийн бичиг олгох Ерөнхийлөгчийн санаачилгыг ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжиж саналаа өгсөн юм.
Эх сурвалж: Ардчилсан нам