Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3,559 хүнд шинжилгээ хийгдэж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.
Мөн орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Үүнд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллууллаа.
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд зөвшөөрөгдсөн автомашинуудыг нийслэл рүү оруулах чиглэлтэй байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн.
Мөн автомашинд QR код олгож, Улаанбаатар хотод зорчуулах шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан” гэлээ.