Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд цаг үеийн нөхцөл байдал, хүндрэл болон тоног төхөөрөмжийн хангалтын мэдээлэл хийсэн юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Халдвартай иргэдийн ойрын хавьталд шинжилгээгээр ковид-19 коронавирус тогтоогдсон тухай бүрд нь хавьтлыг тогтоож, тусгаарлах байранд тусгаарлаж байгаа.
Зарим нэгэн иргэн санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлыг хэлэхгүйгээр явснаас болж оройтож илрэх цөөн тохиолдол гарч байна. Гэхдээ энэ нь цөөхөн боловч халдварын тархалтын хувьд маш хор уршигтай” гэж мэдэгдлээ.
Мөн “Архангайн тохиолдол бол ойрын хавьтлаа хэлээгүй. Үүнээс болж ойрын хавьтал хөдөө орон нутаг руу очиж аймгийн хэмжээнд халдвар тархах эрсдэлийг үүсгэсэн. Гэхдээ ийм тохиолдол олон биш учраас халдварын тархалтыг хумих боломж байна гэж харж байгаа. Ойрын хавьтлыг бол цаг тухай бүрд нь аваачиж тусгаарлах байранд тусгаарлаж, шинжилгээнд гурван удаа хамруулж байна” гэв.
Амьсгалын аппаратын хувьд “ХӨСҮТ-д 23, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат суурилуулсан. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын төрөлжсөн эмнэлэгт 50 орчим аппаратыг нэмж суурилуулаад байна. Мөн 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн.
Нийт 180 орчим амьсгалын аппарат байна. Найман сард амьсгалын аппаратын захиалгыг хийсэн. Эхний 200 аппарат арван хоёрдугаар сарын 8-нд дараагийн 200 нь арван хоёрдугаар сарын 20-нд орж ирнэ. Ямар нэгэн байдлаар амьсгалын аппаратын хомстолд орохгүй. Харин боловсон хүчний хүмүүсээ сургаж бэлтгэх шаардлага тулгарч байна” гэж мэдэгдээд байна.
Н.БАТАА