Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр дараах мэдээлэл өглөө.
Тэрээр “Сүүлийн 48 цагт 143 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 9560 иргэн гэрийн ажиглалтад байна. Гэрийн ажиглалтын 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг ягштал сайн барихыг дахин сануулж байна. Улаанбаатар хотын 26 тусгаарлан ажиглах байранд 1403 иргэн байна. Дархан, Говьсүмбэр, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймагт 953 иргэнийг тусгаарласан байна. Улсын хэмжээнд нийлбэр дүнгээрээ 2356 иргэн тусгаарлан ажиглах байранд холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтад байна.
Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтлын 217 иргэнийг нэмж тусгаарлаад байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс орон нутгийн иргэдийг нийслэлээс гаргахтай холбогдуулан шинжилгээ авах 20 цэг нэмж байгуулж, бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Тус 20 цэгт мэргэжлийн хяналтын 60 байцаагч, эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас төмөр замын 60 гаруй албан хаагч тээвэрлэгдсэн ирж байгаа. Тус албан хаагчид бүгд PCR-ын шинжилгээ өгч, бүгд сөрөг гарсан бөгөөд шууд гэрийн ажиглалтад шилжинэ.
Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 202, шалган нэвтрүүлэх товчоодод 300, явган эргүүлийг 4241 албан хаагч ажиллаж байна. Шинжилгээ авах ажлыг эмнэлгийн байгууллагын 1162 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өдөрт нийтдээ 7200 гаруй төрийн албан хаагч Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сахиулж, халдвар хамгаалалтыг хангаж ажиллаж байна” гэлээ.
Л.Баяр