Архангай аймагт Коронавирусийн хоёр тохиолдол батлагдаад байгаа талаар тус аймгийн онцгой комисс мэдэгдээд байна. Ковид-19 коронавирусийн халдвар илрээд байгаа иргэн нь Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн очсон байна.
Энэ талаар Архангай аймгийн онцгой комисс өчигдөр орой мэдээлсэн юм. Мэдээлэлдээ “Архангай аймгийн Батцэнгэл суманд Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирсэн нэг иргэн нийслэлд батлагдсан халдварын тохиолдолтой нэгдүгээр хавьтал байсныг аймгийн шуурхай штаб 11-р сарын 27-ны 12 цаг 50 минутанд мэдээлэл авч шуурхай ажиллаа.
Аймгаас мэргэжлийн багийн бүрэлдэхүүн шуурхай бүлэг байгуулан ажиллаж, тус суманд тандалт судалгаа хийн ажиллаа. Түргэвчилсэн оношлуураар 2 өрхийн 9 иргэнээс шинжилгээ авахад 1 иргэний хариу эерэг гарч, 8 иргэн сөрөг гарсан.
Шинжилгээний сорьцийг нийслэлрүү ХӨСҮТ рүү PCR–аар шинжилгээ авахаар дээж явуулахад тухайн иргэн болон түүний хүүгийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү манай аймагт халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Ихтамир суманд тухайн иргэний 1-р хавьтлын 3 иргэн байгаа бөгөөд Аймгийн засаг даргын захирамж гарч Ихтамир болон Батцэнгэл суманд 72 цагийн хугацаатай ТЭГ зогсолт хийхээр шийдвэрлэлээ.
Тухайн иргэний 1-р хавьтал 52 иргэнийг тусгаарласан бөгөөд 2-р хавьталын 102 иргэнийг гэрт нь хатуу хорионд оруулаад байна. Бусад 17 сум болон Цэцэрлэг хотын хувьд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилж байна. Иймээс иргэд та бүхнийг гэрээсээ гаралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг АОК-оос анхааруулж байна” гэжээ.
Н.Батаа