Итали маягийн бөөрөнхий махтай шапеггитийг гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй. Тэд таны амттай хоол хийх ур чадварыг гайхан бишрэх нь гарцаагүй. Амархан бөгөөд амттай.
Энэ хоолны хамгийн чухал орц нь мэдээж шпагетти. Тиймээс сайн шпагетти хэрэглэхээс гадна, заавал давстай, буцалж буй усанд хийж чанана. Усны хэмжээ шпагеттээс 4 дахин их байна. Шпагеттийг хэт их болговол нялцгар болж, хоол тэр чигтээ амтгүй болох тул 6 минут буцалгасны дараа амсаж үзээрэй. Ингээд жоохон зажлууртай байхад нь усыг шүүнэ. Яагаад гэвэл шпагетти халуунаараа байхдаа зөөлөрнө. Шпагеттийг хүйтэн усанд битгий сойгоорой. Халуунаараа байхдаа соусыг сайн шингээдэг.
Порц: 6 хүнийх
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Шпагетт – 500 гр
Үхрийн мах – 500 гр
Сармис – 2 хумс
Өндөг – 1 ш
Талхны үүрмэг – ½ аяга
Пармезан бяслаг – ¼ аяга
Давс, перц – өөрийн амтаар
Ворстер соус – 2 ц.х (сонголтоор)
Соус:
Ургамлын тос – 1 х.х
Сонгино – 1 ш Сармис – 2 хумс
Улаан лоолийн соус – 300 гр
Улаан лооль – 1 аяга
Хуурай базилик – 1 ц.х
Улаан перц – ½ ц.х (сонголтоор)
Хийх заавар:
1. Үхрийн мах, сармис, өндөг, талхны үүрмэг, бяслаг, давс, перц, ворстер соусаа хольж, (ойролцоогоор 3 см диаметртэй) бөөрөнхий махаа бэлдэнэ.
2. Хайруулын тавганд ургамлын тосоо халааж, бөөрөнхий махаа дунд зэргийн галаар 8 миунт шарж, болгоно.
3. Болсон махаа түр тавган дээр гаргана. Мах шарсан тосондоо сонгино, сармисаа шаргал болтол нь хуурна. Улаан лоолийн соус, улаан лооль, хуурай базилик, улаан перцээ (сонголтоор) нэмж, зөөлөн галаар буцалгана. Буцалсны дараагаар бөөрөнхий махаа нэмж, соусандаа дэвтээнэ.
4.Соус зөөлөн буцалж байх хооронд, буцалсан давстай усанд шпаггетигээ чанаж болгоно. 6 минут буцалгаад, амсаж үзээрэй. Хэт их болгохгүй, бага зэрэг зажлууртай байхад нь усыг шүүнэ.
5. Болсон шпагеттийг таваглаад, дээрээс нь соустай бөөрөнхий махаа тавьж, хүсвэл пармезан бяслагаар чимэглээд, амтархан зооглоорой.
Эх сурвалж: Home Cook – Гэртээ Тогооч/Цахим хуудас/