Өнөөдөр Улаанбаатар хотын голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 65 боллоо.
Шинээр илэрсэн хоёр тохиолдлын нэг нь өмнө батлагдсан хүний хүүхэд, нөгөө нь бариа заслын эмчийн ойрын хавьтал болох нэг хүнээс буюу “Аман хуур” хорооллоос бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр цааш нь “Рапид мед эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү.
Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан гэж тайвширч улмаар өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарч болзошгүй. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно. Мөн сүүлийн батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хорооллоос гарсан тул тухайн хорооллын оршин суугчдыг шинжилгээ өгнө үү” гэлээ.
Л.Баяр