Аргентины домогт хөлбөмбөгчин, дасгалжуулагч Диего Марадона арваннэгдүгээр сарын 25-нд 60 насандаа таалал төгслөө.
Марадонатай хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ салах ёс гүйцэтгэж байна. Түүний таалал төгссөнийг нэгэн цагийн хөлбөмбөгийн домог явсан Пеле, мөн энэ цаг үеийн хөлбөмбөгийн алдарт тамирчид болох Лионель Месси, Криштиано Роналдо нар хэрхэн хүлээн авсныг танд хүргэж байна.
Пеле
Ямар харамсалтай мэдээ вэ. Би гайхалтай анд нөхрөө, дэлхий ертөнц нэгэн домгоо алдлаа. Бурхан гэр бүлд нь хүч өгөх ёстой. Нэг л өдөр бид тэнгэрт хамтдаа хөлбөмбөгөө тоглоно гэж найдаж байна.
Лионель Месси
Бүх аргентинчууд, хөлбөмбөгийн ертөнцөд маш гунигтай өдөр тохиож байна. Тэд биднийг үлдээсэн ч орхиод яваагүй юм. Учир нь Диего бол мөнхөд дуурсагдах хүн. Түүнтэй хамт өнгөрөөсөн бүхий л сайхан цаг мөчөө санаж явах болно. Мөн гэр бүлийнхэн, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тайван нойрс доо.
Криштиано Роналдо
Өнөөдөр би анд нөхрөөсөө, харин дэлхий ертөнц мөнхийн домгоосоо хагацаж байна. Түүхэн дэх хамгийн шилдэг суутны нэг тэр. Марадона бол бүхнээс илүү шидтэн. Тэр дэндүү эрт явахдаа дуусахгүй их өв, хэзээ ч дүүргэшгүй хоосон орон зайг үлдээлээ. Агуу хүн минь, амар тайван нойрс доо. Би таныг хэзээ ч мартахгүй.