Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Гэр бүл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, уг асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилготой уг өдрийг дэлхийн 187 улс зохион байгуулдаг.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё” уриатайгаар эхлүүлээд байна. Дэлхийн олон улс оронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил, өсөх хандлагатай байна.
Манай улсын тухайд эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил мэдээлэл 8982 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил нэмэгдсэн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 65.4 хувиар буурчээ.
Өөрөөр хэлбэл бид гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө сэргийлж чадаж байгаагийн жишээ юм. Коронавируст халдвар цар тахалтай холбогдуулан Монгол Улс хатуу хөл хорионд шилжсэн энэ үеийг иргэд та бүхэн гэр бүлтэйгээ ярилцах, ойлголцох боломж гэж харахыг хүсч байна.
-Гэртээ байгаа энэ цаг мөчид яг одоо үр хүүхэд, хань ижилтэйгээ Ярилцъя
-Хэрвээ таны эргэн тойронд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол яг одоо Мэдээлье
-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж яг одоо Оролцъё
Эх сурвалж: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян