Аргентин Улсын бахархал, алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа таалал төгслөө. Домогт хөлбөмбөгчин нь зүрхний шигдээсээр нас барсан байна.
Диего Марадона арваннэгдүгээр сарын 02-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүнд тархины цус хуралт гэсэн онош тавьж хагалгаа хийжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан аж. Түүний үхлийн шалтгаан нь даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон гэж эмч нар хэлжээ.
Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарласан байна.
Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ.
Тэрээр 16 нас хүрэхээсээ яг 10 хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентиний “Аргентинос Жуниорс”, “Бока Хуниорс”, “Ньюелл” клубын “Old Boys”, Испанийн “Барселона”, “Севилья”, “Наполи” /Итали/ клубуудад тоглож байсан юм