УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Үндэсний аудитын газрын “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан”-г сонслоо.
Тус аудитад улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 266 байгууллага, аймаг нийслэлийн 22 төслийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах 4087 байгууллага буюу нийт 4352 байгууллагыг түүвэрлэн шилэн дансны нэгдсэн системд байршуулсан мэдээллийг төсөв, санхүүгийн холбогдох баримт, нотлох зүйлстэй тулган шалгах горимыг хэрэгжүүлжээ.
Бусад 1458 байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн дотоод хяналтын дүн мэдээ болон шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд үндэслэн гүйцэтгэсэн байна.
Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа гэв. Аудитад 6463-ыг нь хамруулжээ.
Хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ 54.5 хувьтай хэрэгжүүлсэн, баг, хороо, иргэдийн нийтийн хурлаас хяналтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн аудитын дүгнэлтэд дурджээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн арга зүйн зохицуулалтгүйгээс дотоод хяналтын үр нөлөө төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр, өөр өөр, жигд бус, зарим тохиолдолд хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэжээ.
10 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутаг, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг мэдээлээгүй нь санхүүжилт олгосон байгууллагаас хяналт тавих, хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүйтэй холбоотой гэв.
Байгууллагуудын цахим хуудас дахь мэдээлэл байршуулах цэс нь зөрүүтэй үүсгэгдсэн зөрчилтэйгөөс үүдэн мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, ач холбогдолтой байх шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээлэл байршуулах хандалтын системийг санхүү, төрийн сан, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны болон хуулийн үйлчлэлд хамрагдаж буй байгууллагуудын санхүүгийн болон дотооддоо хөтөлж буй программ хангамжтай холбох замаар мэдээлэл байршуулах үйл ажиллагааг албан тушаалтнаас хамааралгүй байдлаар зохион байгуулах шаардлагатай гэлээ.
Иргэд олон нийт шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлтэй танилцаж, мэдээлэл авч, төрийн байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээллийн зөрчлийг засуулахаар шаардлага гаргадаг байдал нэмэгдсэн байна. Энэ нь иргэний хяналт сайжирсан эерэг үзүүлэлт боловч нөгөө талаас иргэний зүгээс тавих хяналтыг Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцүүлж хэрэгжүүлэх, улмаар хэвшүүлэх шаардлагатай гэжээ.
2019 оны байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 91.5 хувьтай буюу өмнөх оноос 4.8 хувиар нэмэгдсэн байна. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид, тэдгээрт хамаарах байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 87.9 хувьтай буюу өмнөх оноос 1.7 нэмэгдсэн байна.
Аудитын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ж.Батжаргал, Б.Жавхлан нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.
Аудитын тайлан, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авах, хариуцлага тооцох асуудал хангалтгүй байгааг анхаарч, холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв.
Өнөөдрийн танилцуулж буй тайланд шилэн данс хөтлөх явцад аудит хийсэн, харин тэнд дурдагдсан зөрчил, түүнийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэх зэргийн талаарх мэдээлэл байхгүй байгааг шүүмжиллээ. Цаашдаа шилэн дансанд жилд нэг удаа аудит хийх биш, өдөр тутам гүйцэтгэлийн аудит хийдэг нэгж байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа Байнгын хорооны дарга хэлэв.
Батлагдсан төсөв, орон тооныхоо хүрээнд зохион энэ ажлыг яаралтай хийх нь зүйтэй гэлээ. Шаардлагатай бол энэхүү тайлантай холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргах бөгөөд холбогдох талууд төслийг хамтран боловсруулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгов.