Дэлхий дахиныг цочирдуулсан коронавирусын тархалт дэлхийн 218 орныг хамарч улмаар манай улсад энэ оны гуравдугаар сарын 10-нд анх тээвэрлэгдэн ирж, энэ сарын 10-нд дотоодод илэрснээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед нийт иргэд, даатгуулагчдад зориулсан коронавирусийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломжтой “Ковид-19” эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг “Нэйшнл лайф даатгал” ХХК-аас боловсруулж ирүүлснийг Санхүүгийн зохицуулах хороо цахимаар хянаж энэ сарын 24-ний өдөр бүртгэлээ. Ингэснээр иргэд, даатгуулагчид тус вирусийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж байна. Үүний зэрэгцээ энэ нь цахим даатгалын бүтээгдэхүүн тул иргэд Та бүхэн гэрээсээ гаралгүй даатгалд хамрагдаж, нөхөн төлбөрөө шуурхай шийдвэрлүүлэх боломж бий боллоо.
“Нэйшнл лайф даатгал” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахлын халдварын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн эмч, ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг үнэ төлбөргүй даатгаж, тодорхой хугацаанд буюу есдүгээр сар хүртэл хэрэгжих “Ковид-19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр бүртгүүлж, 1,587 төрийн тусгай албан хаагчийг уг даатгалд хамруулжээ.
Эх сурвалж: СЗХ