УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн 2019 оны хэрэгжилтэд хийсэн нийслэлийн аудитын дүгнэлтийг танилцууллаа. Танилцуулгад гишүүд нэлээн шүүмжлэлттэй хандлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Аудитын ерөнхий газар ард түмний чих, нүд болох ёстой. Төрийн өмчит компаниудын захирлууд дураараа аашилж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Архи, дарсаа төрийн өмчит компанийн мөнгөөр авдаг, ард түмний хөрөнгөд хоноцын сэтгэлээр хандаж байгаа хариуцлагагүй явдлууд гарсан. Цаашдаа тайлан сонсоод өнгөрөх биш, алдаа гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Зөвлөмж, мэдэгдэл өгөөд явуулж болохгүй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Үндэсний аудитын тайлан мэдээллийн чанартай л зүйл ярьж байна. Гол асуудлыг нь ярьсангүй. Төрийн өмчийн, орон нутгийн өмчийн 500 гаруй компани байдаг. Энэ компаниуд төрийн өмч байхаа больсон. Захирлаар нь сонгуульд ажилласан цүнх баригч нар сонгогдон ажиллаж байна. 200 сая төгрөгөөр авсан машиныг хоёрхон жил уначихаад 5 саяар хувьдаа авдаг. Энэ байдалтай аудитын байгууллага тэмцэх ёстой. Тун ойрын үед энэ 500 компани, ялангуяа төрөөс татаас авдаг компаниудад шалгалт оруулах ёстой” гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Шилэн дансны тухай хуульд хүлээлгэх хариуцлагын асуудал дутмаг байдаг. АН-ын бүлгээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мэдээллээ засвал, хуурамч мэдээлэл оруулбал хүлээлгэх хариуцлгагыг зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Төрийн өмчийн компаниуд хулгай хийдэг болсон. Дараа долоо хоногт АН-ын бүлгээс төрийн өмчийн компаниудад аудит оруулах саналыг боловсруулж, санал оруулна” гэлээ.
Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Гишүүдийн санал шүүмжлэлийг ажилдаа тусгах хэрэгтэй. АУДИТ-ын тайлангийн дагуу арга хэмжээ авах процесс сул байна. Хуулинд хариуцлагын асуудал сул тусгагдсан байдаг бол хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ хууль санаачлах алхмуудыг хий. Тэгэхээр энэ асуудал дээр УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч ажиллаарай.
Тайлангаас харахад шилэн дансны зөвхөн тайлан гаргаж байгаа процесс дээр АУДИТ хийгээд түүнийгээ тайлагнаж байна. Тэнд дурьдагдсан зөрчлийн агуулгын дагуу ямар арга хэмжээ авч байна. Зөрчлийг арилгах талаар гаргасан хуулийн этгээд албан тушаалтууд дээр ямар хариуцлага хүлээлгэсэн тал дээр мэдээлэл алга. АУДИТ-ын хуулийн хүрээнд энэ асуудал хэрхэн зохицуулагддаг тайлбарыг өгөх хэрэгтэй байна.
АУДИТ-ынханд чиглэл өгсөн дагуу шилэн дансанд жилдээ нэг удаа АУДИТ хийж тайлагнах биш. Байнгын Шилэн дансанд өдөр тутмын гүйцэтгэлийн АУДИТ хийх нэгжтэй байх ёстой гэж дүгнэлтэд тусгасан байна. Тэгэхээр батлагдсан төсөв, орон тооныхоо хүрээнд энэ зохицуулалтаа хийх хэрэгтэй. Мөн үйл ажиллагаагаа шилэн дансны хуультай уялдуулж, олон нийтийн зүгээс шилэн дансанд тавих хяналтад дэмжлэг үзүүлэх, мэдээллийг нь олон нийтэд мэдээлэх гэх мэт ажлыг зохион байгуулах шаардлага тулгарч байна.