Самар түүхээр яваад ууланд хоригдсон иргэдийн асуудал УИХ-ын түр хорооны хуралдаан дээр хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хүдэр сумын нутагт ууланд хоригдсон 2,000 гаруй иргэн байна. Иргэд ууланд маш хүнд байдалд байна. Дархан-Уул аймгийн 200 орчим иргэн Сэлэнгэд байгаа гэсэн тоог гаргасан.
Эдгээр иргэдийг газар дээр нь шинжилгээ аваад, гэрт нь авчрах боломж байна гэж Дарханы Онцгой комисс мэдэгдсэн. Энэ тал дээр та хариулт өгөөч” гэв.
Шадар сайд Я.Содбаатар “21 аймгаас энэ жил 7,497 хүн самранд явсан байна. Овог нэрээрээ цагдаагийн байгууллага дээр бүртгэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 1,600 орчим хүн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 682 хүн уулнаас бууж ирсэн байна.
Өнөөдрөөс түргэвчилсэн шинжилгээ хийгээд эдгээр иргэнийг Улаанбаатар хот болон аймгууд руу явуулж байгаа. Улаанбаатар хот руу вагоноор 600 гаруй иргэн өнөөдөр орой орж ирнэ. Энд авчраад тодорхой байршилд тухайн хүмүүсийн шинжилгээг авна. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тухайд ч бас хуваариуд гарсан” гэлээ.