Улсын Онцгой комиссын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтыг өнөөдрөөс нээж байна.
Боомтыг цаашид гарагийн зохицуулалтаар буюу сар бүрийн хоёр ба дөрөв дэх долоо хоногт нээж, зөвхөн шатахуун тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх юм. Боомтыг нээсэн эхний өдөр улсын хилээр 408,3 тонн шатахуун тээвэрлэсэн 17 машин нэвтрэв.
Эдгээр тээврийн хэрэгслүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид ЗӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2020 оны 78 дугаар тушаалд заасны дагуу туулуулах аргаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, Цагдаагийн газрын хамгаалалтаар Өлгий хотод хүргэх, мөн өдөртөө багтаан хилээс буцаан гаргах арга хэмжээ авч байна.
Үүнд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 40 гаруй алба хаагч 20 тээврийн хэрэгслээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
Цагааннуур боомт одоогийн нөөц боломжоороо өдөрт 500 тонн шатахуун тээвэрлэсэн 20 тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжтой бөгөөд үүгээр баруун 8 аймгийн хэрэгцээг хангах юм.