2020 оны гуравдугаар улиралд ОХУ-ын эдийн засаг -3.6%, Монгол Улсын эдийн засаг -7.3%-р буурч, БНХАУ-ын эдийн засаг 0.7% өсчээ.
2020 онд Ази тивд Вьетнам, БНХАУ эдийн засгийн хувьд боломжийн өсөлттэй (3.0-3.5%) гарна гэж ОУВС, Дэлхийн банкнаас таамаглаж байгаа аж.
Ирэх оны нэгдүгээр сарын эхээр ОУВС таамаглалаа шинэчлэн гаргах билээ. Энэ намар тус сангаас эдийн засгийг 2020 онд -4.4%, ирэх 2021 онд 5.2%-ийн өсөлттэй байна гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн. Ирэх оны өсөлтийг 5.0%-иар бууруулах болов уу гэсэн төсөөллийг зарим эдийн засагчид дэвшүүлж байна.
Монголбанкнаас энэ оны эдийн засгийн төлөв хандлагын таамаглалыг шинэчилж, оны эцэст -5.4%-иар буурна гэж төсөөлөөд буй юм. 2016 оны эдийн засгийн сааралтын дараа ОУВС болон түншлэгч улс орнууд, олон улсын байгууллагын дэмжлэгээр манай улсын эдийн засаг хүндрэлээс гарч, 2017 онд 5.3%, 2018 онд 7.2%, 2019 онд 5.1%-ийн өсөлттэй гарч байв.
Энэ оны эцэст ДНБ-ий хэмжээ буурч, өнгөрсөн 2019 оны эхний үеийн түвшинд буцаж очно гэж зарим шинжээчид үзэж байна.
Халдварын тархалтын нөхцөл байдал, гадаад худалдааг хэвийн үргэлжлүүлэх боломж зэргээс хамаарч ирэх 2021 оны эхний хагас жилд эдийн засаг, бизнес эрхлэлтийн орчин амаргүй хүнд байх төлөвтэй байна.
Урсгал дансны алдагдлаас хамаарч Монгол Улсын төлбөрийн тэнцэл сүүлийн хугацаанд тогтмол алдагдалтай гарч байгаа юм. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Дөлгөөн хэлэхдээ “Урсгал дансны алдагдал дээр хилийн хориг, аж ахуй нэгжийн бондын төлөлт хийгдсэний улмаас оны эхэнд ханшид дарамт үүсч байсан ч сүүлийн хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Оны эхнээс төгрөг, ам.долларын эсрэг ойролцоогоор 4.3 хувиар суларсан. Үүний ихэнх өөрчлөлт оны эхний хагаст ажиглагдсан. Оны эхнээс хойш импорт, экспортын хэмжээ буурсан ч хоёрдугаар хагасаас эхэлж экспорт сэргэлээ.
Олон улсад алтны үнэ өсч байгаа нь эргээд манайх руу орох валютын урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид ханшийг тогтвортой байлгахад экспортын хэмжээг өнөөгийн түвшинд буюу нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар экспортод ямар нэгэн хориг, саад тавиагүй хэвийн үргэлжилж байгаа учраас ханшид ирэх дарамт бага байхаар байна” гэв.
Монголбанк ирэх оны мөнгөний бодлогоор инфляцыг 6 хувь орчимд барина гэж зорьж буй. Гэвч хөл хорио тогтоож, эдийн засгийн идэвхжил буурахаар байгаа билээ. Ийм тохиолдолд дээрх зорилт хэрэгжих боломжтой эсэх асуултад Н.Дөлгөөн “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд инфляц 1.4 хувьтай байна. Дэлхий дахинд шатахууны үнэ буурсан, мөн махны үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан инфляц буурч байна. Тэгэхээр ирэх жил эдийн засаг өснө гэсэн хүлээлттэйгээр +/- 2 интервалтайгаар 6 хувийн инфляцын зорилтыг дэвшүүлсэн.
Мөн бусад улс орны эдийн засгийн хүчин зүйлс, хүлээлттэйгээ уялдан энэхүү зорилтыг тодорхойлсон. Удахгүй Ковид-19-ын вакцин гарах талаар дэлхий нийт мэдээлж эхэлж байгаа нь сайн хэрэг. Учир нь вирусний улмаас үүдэлтэй тодорхойгүй байдлаа шийдвэрлэх боломж харагдана гэсэн үг шүү дээ” гэсэн хариулт өгч буй юм.
МОНГОЛБАНК