Өнгөрөгч долоодугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болсон.
Шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн тус тус хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Улмаар аравдугаар сарын 30-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээгээд байсан билээ.
Тэгвэл өнгөрөгч даваа гарагт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргасан байна.