Дэлхийн томоохон авиа компани болох Австралийн Qаntas компани олон улсын нислэгтээ зөвхөн вакцин хийлгэсэн зорчигчдыг суулгана гэдгээ өнөөдөр мэдэгдэв.
2021 он гарах үед Ковид-19-ын эсрэг вакцин улс орнуудын хэрэглээнд нэвтэрвэл бусад авиа компаниуд болон улс орнууд энэ мэтээр зорчигчид, хил нэвтрэгсдийг вакцин хийлгэсэн байхыг шаардаж эхлэх нь илэрхий болов.
Тийм учраас Монгол улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн, шаардлага хангасан вакциныг боломжит улс орнуудаас худалдан авах, хөнгөлөлттэй авах гэрээ хэлэлцээрийг даруй хийж эхлэх нь зүйтэй юм. Эс тэгвээс Монгол улсын иргэд хилийн чанадад зорчих боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Олон улсын ажиглагчид, эрдэмтэд цар тахал дэлхий дахины тэгш бус байдал, хөгжлийн ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна, хөгжиж буй, ядуу буурай орнууд цар тахлын хүндэрлийг илүүтэй ихээр мэдэрч хямралд орж байгааг бичсээр байна. Тэр дундаа вакцины хэрэглээнд хүртэл хөгжлийн ялгаа, тэгш бус байдал нөлөөлнө гэж үзэж буйг анхаарахаас өөр аргагүй байна.
Ц.Мөнхцэцэг