Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын 50 гаруй хувь шинж тэмдэггүй хэлбэртэй байна. Халдвартай хүнтэй харьцсан, халдвар гарсан голомтод орсон хүмүүс шинж тэмдэг илрэхгүй, өөрийгөө мэдэхгүй байх эрсдэлтэй учраас үзвэр үзсэн, караокед орсон бол өөрсдөө сайн дураараа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Эмнэлзүйн шинж тэмдэг нь хуурай ханиалгах хэлбэр 15.5 хувьд илэрч байна. Томуугийн улирал явж байгаа учраас томуугаар өвдөж, ханиад хүрсэн гэж андуурах эрсдэл гарах вий. Тиймээс дээр ханиалгах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, нус гоожих шинж тэмдэг илэрч байгаа бол шинжилгээ хийж байгаа цэгүүдэд шинжилгээ өгөөрэй. Хэрвээ үнэр, амт мэдрэхгүй болох шинж тэмдэг илэрвэл ханиад томуу гэж тайвширч болохгүй.
Мөн халуурах, ядрах, сульдах чихүүдэс хүрэх, хамар хоолой хуурайших, суулгах, хоолонд дургүй болох, үе мөч өвдөх, дотор муухайрах, үрэвсэх шинж тэмдэг илэрч байгаа бол шинжилгээ өгч, өрхийнхөө эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80086829 утас руу хандаж зөвлөгөө аваарай” гэлээ.
Л.Баяр