Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоохоор үндэсний хэмжээнд хийгдсэн 4-р судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дөнгөж дөрвөн хувь нь л ямар нэг өвчлөлд өртөх эрсдэлгүй гэж гарсан. Энэ нь нөгөө талаас хүн амын дийлэнх нь суурь архаг өвчтэй буюу коронавирусийн халдварт өртсөн тохиолдолд эрүүл мэнд нь хүндрэх эрсдэлд орно гэсэн үг юм. Тиймээс ийм өндөр эрсдэлтэй үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон нь зөв алхам болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Хэрвээ хөл хорио тогтоогүй бол нийслэл хотод энэ бүртгэгдсэн голомтыг хумьж чадахгүйд хүрэх байсан. Хөл хорионд оруулаагүй бол халдвар долоо хоногийн дараа 555, цааш тэр чигээрээ үргэлжилсэн бол 2000 орчим тохиолдол болж өсөх хандлагатай байв. Тандалтын прогноз буюу урьдчилсан таамаглал ийм байв. Хатуу хөл хорио тогтоосон 11 хоногт лабораторийн шинжилгээг давхардсан тоогоор 110 мянга гаруй хүнд хийсэн байна. Түргэвчилсэн оношлуураар 18 цэгээр нийт 25644 хүнд хийж тандалт явуулав. Нэг цагт 25 мкв талбайд буюу нийт 132 объектод халдваргүйжүүлэлт хийв. Түүнчлэн хөл хорионы хугацаанд 119, 1800-0119, 1800-2000 зэрэг тусгай дугаараар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгсөн, 119 дугаар энэ хөл хорионы хоногуудад 50 мянга хүн хандсан байна. Батлагдсан нийт 146 тохиолдлын ойрын хавьтал болох 700 хүнийг шинжилгээнд бүрэн хамруулж, тэдний 30 хувьд нь хоёр дахь шинжилгээ хийгдэж байна.
Дам хавьтлын 7000 гаруй хүнд мөн тодорхой хэмжээгээр тандалт шинжилгээ хийгдэж байна. Эмчилгээнд 64 хоногоос 14 хоног буюу дунджаар 28 хоногийг зарцуулж байна. Дотоодод цар тахлын дэгдэлт гарахад ямар хурдтай, хэрхэн тархах вэ гэдгийг тухайн тохиолдолд нь судлах шаардлагатай байсан учраас хатуу хөл хорио тогтоох шаардлагатай байсан.
Ингэж хөл хориог тогтоосноор тандалтын зураглалыг гаргаж чадсан учраас одоо эргээд хөл хорионы хатуу дэглэмийг зөөлрүүлэх чиглэлээр алхмууд хийх боломжтой гэдэг зөвлөмж эрдэмтэд өгөөд байна. Гэхдээ энэ нь хөл хориог бүрэн цуцална гэсэн үг биш, харин маш нарийн хуваарийн дагуу менежмент хийх нь зүйтэй гэдэг зөвлөмжийг эрдэмтэд өгч байна. Эрдэмтдийн хийсэн судалгааг дахин тодотгоход хэрвээ хөл хориог ингэж хатуу тогтоогүй бол манай улсын дотоодод өнөөдрийн байдлаар бүртгэгдээд байгаа 140 гаруй халдварын тохиолдол 600-700 болж нэмэгдэх эрсдэлтэй байсан гэсэн прогноз гарсан. Цар тахлын дэгдэлтийн үед 24 цагийг алдахад л эрүүл мэнд нь хүнд нөхцөлд орох өвчтөний тоо 10%-иар нэмэгддэг гэсэн судалгаа байна. Эрдэмтдийн эдгээр тоо судалгаан дээр үндэслэн ажиллаж байна.
Эхсурвалж: Эрүүл мэндийн яам