Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4-54 насны ихэвчлэн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ажлаа хийж байхдаа халдвар авсан нь тогтоогджээ.
Халдвар авсан 16 тохиолдлын ойрын хавьтал 529 хүнийг илрүүлсэн. Мөн ойрын хавьтлын дам хавьтал болох 608 иргэнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан байна.
Өчигдөр /2020.11.20/ 22.00 цагийн байдлаар тус аймгийн 15555 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, 798 иргэнээс PCR шинжилгээ авсан байна. Ингээд Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 16 байгаа юм.
Дархан-Уул аймаг, аймгийн хэмжээнд 72 цагийн хугацаанд зарласан тэг зогсолт 2020 оны 11-р сарын 21-ний 06.00 цагаас эхлэн цуцалж, улс орон даяар 12-р сарын 1-нийг хүртэл зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн яам албан ёсны цахим хуудаснаа дараах мэдэгдлийг гаргалаа.
Мэдэгдэлд “Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомтыг хумьж чадлаа. Төмөр замын салбарт ажиллаж байгаа бүх иргэдээ шинжилгээнд хамруулж, ойрын болон хоёрдугаар хавьтал болсон иргэдээ хяналтандаа орууллаа. Ингэснээр халдварын тархалт хумигдаж маргааш /2020.11.21/ өглөө 06.00 цагаас эхлэн тэг зогсолтыг цуцлахаар болж байгаа юм. Мөн шуурхай хариуцлагатай ажилласан эмч, мэргэжилтнүүддээ ажлын амжилт хүсэж, урам хайрлая!” гэжээ.
Л.Баяр