Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр танилцуулж байна.
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: “НОК-ын шуурхай штаб, дүүргүүдийн шуурхай штаб болон Гамшгаас хамгаалах албадад нийт 25 мянга гаруй албан хаагчид ажиллалаа.
Урд шөнө болон өнгөрсөн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар руу орсон 1145, гарсан 1880 нийт 3373 тээврийн хэрэгсэл нэвтэрч, 6460 иргэн зорчсон байна. Энэ хүмүүст эрүүл мэндийн үзлэг тандалт хийгээд, яг хаана ирж, очих гэж байгааг асуумжаар тодорхой бүртгэсэн бөгөөд Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг “COVID-19” халдвар гарсан орон нутгаас ирсэн иргэдийг түргэвчилсэн оношлуурт шинжилгээ хийлгээгүй бол буцаах арга хэмжээг авсан аж.
Шаардлагатай тохиолдолд Эмнэлгийн тандалтын багийг ажиллуулж шалган нэвтрүүлэх товчоодоор нэн шаардлагатай ачаа тээвэр, хүнсний болон эм хангамж, эмнэлгийн багаж хэрэгсэл, шатахуун тээвэрлэсэн авто машинуудыг ариутган халдваргүйжүүлж, түргэвчилсэн оношлогоог хийж ажиллаж байгаа гэнэ.
Нийслэлийн 7 дүүргийн 23 байршилд 16 тонн мах худалдаанд нийлүүлэгдсэн. Нийслэлийн хүн амын ундны усны хангамжийн хувьд 7 эх үүсвэрээс гэр хорооллын ус түгээх 354 байр, төвлөрсөн усан хангамжид холбогдсон 323 цэгээс цэвэр ус түгээж байна. Өнөөдөр өглөөний 07-10 цагийн хооронд нийтийн тээврийн 92 чиглэлд 860 автобус 25692 иргэдэд үйлчилсэн байна. Сайжруулсан шахмал түлшний 610 борлуулалтын цэгт 2487 тонн түлш нийлүүлж, Таван толгой түлш ХХК-иас хангамж болон дундын баазын 49 цэгт 710 тонн түлшний дүүргэлт хийжээ.
НМХГ-ын 319 улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 229 объектод хийж 100 зөрчил илрүүлж 75 хувийг арилгуулж ажиллаа. Мөн энэ хугацаанд нийт 3490 аж ахуйн нэгж байгууллагын 1 сая 088450 метр квадрат талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийжээ.
Цагаан даваа, Морингийн даваа, Нарагийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт нийслэлийн хог хаягдлыг 210 машинаар тээвэрлэн хаяж байгаа. Нийслэлд 18 цэгт болон ӨЭМТ-ийн 84 цэг, нийтдээ 102 цэгт “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх түргэвчилсэн шинжилгээг 3369 хүнээс авсан. Одоогоор PSR шинжилгээний хариу гараагүй байна.