НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭЭД КОМИССАРЫН ГАЗАР
КОВИД-19 Удирдамж
КOВИД-19 нь иргэд, зон олон, төр засаг, нийгэмд бүхэлд нь сорилт, шалгалт болж байна. Энэ цаг үед вирустэй тэмцэж, КОВИД-19-ийн тархалтыг зогсооход чиглэсэн арга хэмжээнүүдээс санамсаргүй байдлаар үүдэн гарах аливаа сөрөг үр нөлөөг бууруулахад хамтын ажиллагаа, эв нэгдэлтэй байх нь юу юунаас илүү чухал болоод байна. Хүний эрхийг, тухайлан эдийн засаг, нийгмийн, иргэний болон улс төрийн эрхийг бүхий л хүрээнд хүндэтгэн үзэх нь нийтийн эрүүл мэндийн төлөө авч буй хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх үндсэн суурь нь болох юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж
Эрүүл мэндийн стратеги, бодлого нь зөвхөн цар тахлын эмчилгээний хүрээнд хариу арга хэмжээ авахаас гадна эрүүл мэндийн чиглэлээр авч буй арга хэмжээнээс үүдэн гарах аливаа хүний эрхийн болон тодорхой жендэрийн асуудалд сөрөг нөлөө бүхий үр дагаврыг ч мөн адил харгалзан үзэж, шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эмчилгээ, үйлчилгээ нь аливаа ялгаварлан гадуурхалтгүй хүн бүрт хүртээмжтэй байх ёстой. Тодруулбал, эмчилгээний төлбөр төлөх боломжгүй эсвэл аливаа шившиглэл, гадуурхалтын улмаас эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаагаас болж эрүүл мэндийн үйлчилгээнээс хэнийг ч орхигдуулахгүй байх явдлыг хангах ёстой юм.
Онцгой байдлын арга хэмжээ
КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд засгийн газрууд хэцүү шийдвэрүүдийг гаргах ёстой болно. Тодорхой аюул заналын эсрэг онцгой байдлын хариу арга хэмжээнүүдийг авахыг олон улсын хуулиар зөвшөөрдөг. Гэхдээ авах арга хэмжээ нь үнэлж тогтоосон эрсдлийнхээ хэр хэмжээнд нийцсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа ялгаварлан гадуурхалтгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тодорхой чиглэл, үргэлжлэх хугацаатай, аль болох түвэг багатай байдлаар арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.
КОВИД-19-тэй холбоотойгоор онцгой байдлын үеийн эрх хэмжээгээ гагцхүү нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус хүний эрхийн хамгаалагчид эсвэл сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох эсвэл тэднийг чимээгүй болгоход ашиглах ёсгүй юм. Зарим эрхүүдийг ямар ч үед хязгаарлаж болохгүй бөгөөд үүнд албадан гаргахгүй байх зарчим, хамтын цөллөгийг хориглох, эрүүл шүүлт болон хүнлэг бус харьцах явдлыг хориглох, албадан хорихыг хориглох зэрэг бусад хүний эрхийн асуудал орно.
Засгийн газрын зүгээс онцгой байдлын арга хэмжээ гэж юу болох, хаана, хэр удаан хугацаанд эдгээр арга хэмжээнүүдийг авах талаар вируст өртсөн олон нийтэд мэдээллэх хэрэгтэй.
Хямрал болж өнгөрсний дараа төр засгууд хэвийн амьдралдаа буцаж орж, өдөр тутмын амьдралыг зохицуулах үүднээс онцгой байдлын эрх хэмжээгээ хэрэглэхгүй байх нь чухал бөгөөд авч буй хариу арга хэмжээ нь энэхүү хямралын өөр өөр нөхцөл байдал дахь хэрэгцээнд нийцсэн байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Хэнийг ч ардаа орхихгүй байх
Аль ч нийгэмд янз бүрийн шалтгааны улмаас гадуурхагдсан, олон нийтийн мэдээлэл, үйлчилгээ авахад хүндрэлтэй тулгардаг хүмүүс байдаг бөгөөд бугшсан ялгаварлан гадуурхалт, улс төрийн хуваагдалт байгаа болохыг тэдний заримаас харж болно. КОВИД-19-тэй холбоотой олон нийтэд мэдээлэл тарааж, хариу арга хэмжээ авахдаа орхигдож болзошгүй эрсдэлд буй хүмүүст онцгой анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд үүнд үндэстний цөөнх, шашны цөөнх, уугуул иргэд, цагаач болон дүрвэгсэд, настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ЛГБТИ зэрэг хүмүүс орно.
Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд болон иргэний нийгэм нь орхигдож болзошгүй байх байсан хүмүүсийг олж тогтоож, эдгээр хүмүүст хүргэх мэдээллийн урсгалыг дэмжиж, авч буй арга хэмжээ нь олон нийтэд ямар үр нөлөө үзүүлж байгаа талаарх мэдээлэл, санал хүсэлтээ холбогдох эрх бүхий хүмүүст хүргэх замаар туслалцаа дэмжлэг үзүүлж болно.
Орон байр
Хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байгаа энэ үед төр засгийн зүгээс зохистой орон байргүй хүмүүст туслах яаралтай арга хэмжээ авах нь нэн чухал юм. Гэрээс гарахгүй байх, нийгмээс тусгаарлах гэх мэт КОВИД-19-тэй холбоотой авч буй арга хэмжээ нь зарим нэг хүмүүст, ялангуяа хэт шахалдсан нөхцөлд амьдардаг болон ундны ус, ариун цэврийн байгууламжгүй хүмүүст маш хүнд тусч байгааг харгалзан үзэх хэрэгтэй.
Муухан оромжид амьдарч байгаа болон орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх сайн туршлага бол вирусын нөлөөнд өртсөн болон тусгаарлагдах шаардлагатай хүмүүсийг үйлчилгээ бүхий түр орон байраар (ашиглаагүй эсвэл эзэнгүй орон сууцны хэсэгт, богино хугацаагаар түрээслэх боломжтой түрээсийн байр) яаралтай хангах явдал юм.
Орон байргүй болох хүмүүсийн тоо нэмэгдэхээс урьдчилан сэргийлэхэд эрх бүхий байгууллагаас онцгой анхаарах ёстой юм. Жишээ нь хүмүүс орлогогүй болоход байрны зээл болон түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж, улмаар байраа чөлөөлөхөөс аргагүйд хүрдэг. Байрнаас албадан гаргах болон байрны зээлийн төлбөр авахыг хойшлуулах зэрэг сайн туршлагыг өргөнөөр хэрэглэх нь зүйтэй юм.
Хөл, хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байх үед хүнийг орон байргүйн төлөө эсвэл муухан оромжид амьдардагийнх нь төлөө хэнийг ч шийтгэж үл болно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
Нийгмээс тусгаарлах болон өөрийгөө тусгаарлах зэрэг хязгаарлах арга хэмжээг авахдаа бусдын дэмжлэг, туслалцаатайгаар хооллож, хувцаслаж, ариун цэврээ сахидаг хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг нь харгалзан үзэх хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй зэрэг олон хүмүүс гэрийн болон нийтийн үйлчилгээнээс хамааралтай байдаг. Эдгээр үйлчилгээ нь эрсдлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх ёстой бөгөөд төрийн зүгээс энэ хямралын турш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлдэг дэмжлэг, үйлчилгээг тасалдуулахгүйн тулд нэмэлт арга хэмжээ авах ёстой. Одоо байгаа гэр бүлийн болон нийгмийн үйлчилгээ, туслалцааны сүлжээнд хөдөлгөөний хязгаарлалтыг бий болговол эдгээр үйлчилгээг орлох өөр бусад үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй.
Нэмэлт санхүүгийн дэмжлэг авах боломж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд их чухал юм. Учир нь тэдний ихэнх нь түр хугацаагаар зогсоогоод буй үйлчилгээнээс хамааралтай амьдардаг бөгөөд тэд хоол хүнс, эм тариагаа авах эсвэл хүргэлтийн үйлчилгээний төлбөр төлөх боломжгүй байдаг байна.
Хорих газар болон саатуулах байруудад буй хүмүүс
Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс, тухайлан шорон, цагдан хорих байр, цагаачлалын хорих байр, байгууллага болон бусад цагдан хорих байруудад байгаа хүмүүс нь вирус тархсан тохиолдолд халдвар авах хамгийн эрсдэл өндөр бүлэгт орно. Тэнд халдвар тархах өндөр эрсдэлтэй бөгөөд нийгмээс тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх болно. Хямралын нөхцөлийг даван туулах төлөвлөлт хийж, хариу арга хэмжээ авахдаа эдгээр хүмүүсийн нөхцөл байдлыг тусгайлан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Төрийн зүгээс эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийг мэдээллийн хүртээмж, урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн бусад эмчилгээгээр хангах, цагдах хорих байруудад гарч болзошгүй аливаа хор хохирлын эрсдлийг бууруулах үүднээс тэднийг суллах эсвэл цагдан хорихын оронд өөр арга замыг яаралтай эрэлхийлэх хэрэгтэй.
Аливаа асрамж, сувилалын газарт буй ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхцөл байдал хурцаар тавигдаж байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, харьцахыг хязгаарлах нь нэг талаасаа онцгой байдлын эрүүл мэндийг сахих арга хэмжээ ч гэлээ энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс улам орхигдох, хүчирхийлэл дарамтад өртөх эрсдлийг бий болгож болзошгүй юм.
Мэдээлэл болон оролцоо
КОВИД-19 цар тахалтай холбоотой аливаа мэдээлэл, хариу арга хэмжээ нь хүн бүрт хүрэх ёстой. Үүний тулд мэдээллийг амар хялбар ойлгогдох хэлбэрээр бичих, тусгай хэрэгцээт бүхий хүмүүс, тухайлан харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст тохирсон хэлбэрээр мэдээллийг хүргэх, мөн унших чадвар хязгаарлагдмал эсвэл уншиж чаддаггүй хүмүүст мэдээллийг хүртээмжтэй байдлаар хүргэх нь зүйтэй юм.
Вируст өртсөн хүмүүст мэдээлэл хүргэхэд интернет ашиглах боломжтой байх нь нэн чухал юм. Төр засгийн зүгээс интернетийн хэрэглээг хаах аливаа шийдвэрээ цуцалж, интернетийн үйлчилгээ авах боломжийг аль болох өргөнөөр бий болгож, жендэрийн зөрүүтэй байдал зэрэг дижитал хуваагдалтыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах нь зүйтэй юм.
Хүмүүс өөрсдийнх нь амьдралд нөлөөлөх аливаа шийдвэр гаргалтад оролцох эрхтэй. Нээлттэй, ил тод байж, нөлөөлөлд өртсөн хүмүүсийг шийдвэр гаргах явцад оролцуулах нь өөрсдийнх нь болоод нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд хүмүүсийн оролцоог хангахад чухал юм.
Эмнэлгийн мэргэжилтнүүд болон эрдэмтэд, холбогдох эксперт шинжээчид өөр хоорондоо болон олон нийттэй чөлөөтэй ярьж, үнэн зөв, чухал мэдээллийг хуваалцах боломжтой байх ёстой. Айдас түгшүүр болон шударга бус явдлыг дэвэргэх аливаа худал, хуурмаг, төөрөгдүүлэх мэдээлэлтэй тэмцэхийн тулд үндэсний болон олон улсын түвшинд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой.
Олон улсын, бүсийн болон үндэсний КОВИД-19-ийн талбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл, манлайллын үүрэг ролийг оролцуулах зэргээр тархалтын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний үед эмэгтэйчүүдийн үзэл бодол, дуу хоолой болон тэдний мэдлэг, мэдээллийг авч тусгах нь чухал юм.
Шившиглэх, гадаад хүмүүсийг үзэн ядах үзэл болон арьсны өнгөөр ялгаварлах үзэл
КОВИД-19 цар тахал нь тодорхой нэг үндэстэн, ястны хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалт, шившиглэлт, арьс өнгөөр ялгаварлах үзэл болон гадаад хүмүүсийг үзэн ядах үзлийг улам бүр өдөөж байна. Бид бүгд энэ хандлагын эсрэг хамтдаа тэмцэх хэрэгтэй байна. Тухайлбал энэ өвчнийг ямар нэг газарзүйн байршилаар нэрлэхээс илүүтэйгээр КОВИД-19 гэж нэрлэх нь зүйтэй юм.
Улс төрийн манлайлагчид, бусад нөлөө бүхий хүмүүс энэхүү хямралын үед улам бүр гаарч буй шившиглэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй бөгөөд ийм төрлийн ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх явдлаас ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой юм.
Айдас түгшүүрийг улам бүр дэвэргэх аливаа уран хоосон үг, худал мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг төрийн зүгээс яаралтай авах хэрэгтэй бөгөөд КОВИД-19-тэй холбоотой авч буй хариу арга хэмжээ нь тодорхой нэг бүлгийн хүмүүсийг хүчирхийлэл дарамт, ялгаварлан гадуурхалтад улам өртөх явдлыг бий болгохгүй талаас нь байх ёстой.
Буруу ташаа мэдээлэл болон айдас түгшүүрээр гаарч байдаг ялгаварлан гадуурхалт болон гадаад хүмүүсийг үзэн ядах үзлийн эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол үнэ зөв, тодорхой, үндэслэл нотолгоонд суурилсан мэдээлэл түгээж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх аян зохион байгуулах явдал юм. Ялгаварлан гадуурхалт болон гадаад хүмүүсийг үзэн ядах үзлээс үүдэлтэй аливаа хэрэг, тохиолдолд мониторинг хийхэд нэмэлт хүчин чармайлт гаргах шаардлагатай бөгөөд гарсан аливаа хэрэг, тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, олон нийтэд сайтар мэдээллэх нь зүйтэй.
Цагаачид болон дүрвэгсэд
Цагаачид болон дүрвэгсдийн хувьд нэг бол хуаран, гацаанд байх эсвэл хэт бөөгнөрсөн, ариун цэврийн нөхцөл муу, хэт их тархсан эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй хотод амьдардаг тул тодорхой эрсдлүүдтэй тулгардаг.
Цагаачдын хувьд хэл, соёлын саад бэрхшээл, төлбөр мөнгө, мэдээллийн хүртээмжгүй байдал, ялгаварлан гадуурхалт болон гадаад хүмүүсийг үзэн ядах үзлээс болж эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авахад ихэвчлэн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна.
Хууль бус нөхцөл байдалд буй цагаачид эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эсвэл өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл өгөх боломжгүй эсвэл өгөх хүсэлгүй байдаг байна. Учир нь тэд цагаачлалын статусаасаа болж баривчлагдаж, нутаг буцаагдах эсвэл ял шийтгэл авах вий гэсэн айдастай байдаг байна.
Төр засгийн зүгээс үндэсний хэмжээнд КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнд цагаачид болон дүрвэгсдийг хамруулах үүднээс тодорхой арга хэмжээг авах нь зүйтэй юм. Үүнд статусаас нь үл хамааран бүх цагаачид болон дүрвэгсдийг мэдээлэл авах, сорил өгөх болон эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй байдлаар хамрагдах боломжоор хангах, тэднийг эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шаардлагатай үйлчилгээ авах боломжийг нь гадаадын иргэн, харьяат, цагаачдад хамаарх хууль сахиулах үйл ажиллагаанаас нь ялгаж салгах хамгаалалтаар хангах хэрэгтэй.
Хүлээн авагч улс орнууд цагаачид болон өөрсдийн иргэдэд аль алинд нь үзүүлэх үйлчилгээг эрчимжүүлж, тэднийг үндэсний ажиглалт тандалт, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээнд хамруулахад олон улсын дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай юм. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж чадахгүй аваас бүх хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж, дайсагнал, шившиглэлийг улам нэмэгдүүлэх эрсдлийг бий болгож болзошгүй. Цагаачдын эсрэг дайсагнал болон гадаад хүмүүсийг үзэн ядах үзэлтэй тэмцэх тусгайлсан арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй юм.
Мөн хилийн хяналтыг чангатгах, аялал жуулчлалыг хязгаарлах эсвэл чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах явдал нь дайн болон хавчлага мөрдлөгөөс зугтаж буй эсвэл аюулгүй байдал, хамгаалалт хүсч буй нэгэнд саад болох ёсгүй юм.
Нийгмийн болон эдийн засгийн үр нөлөө
Сургуулиудыг хаасан тохиолдолд ч цахимаар суралцах боломжоор хангах зэргээр суралцагчдын сурч боловсрох эрхийг хамгаалах нь зүйтэй юм. Олон охид сургуульд явахад ихээхэн саад бэрхшээлтэй тулгардаг тул энэ тохиолдолд охидууд илүү өртөх магадлалтай бөгөөд тэдний ар гэрийн ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай болохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн сургуулиас олгодог тэжээллэг хоол хүнс болон бусад үйлчилгээг охид, хөвгүүд авч чадахгүйд хүрэх байх.
Энэхүү хямралаас үүдэн гарч буй нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөөг бууруулахаар засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн салбар, олон улсын болон үндэсний байгууллагуудаас авч буй хэрэгжүүлж буй сайн туршлагаа өөр хоорондоо солилцож, мэдээллэх нь чухал юм.
Хямралын үед ажиллаж буй хүмүүс ялангуяа эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд болон аюулгүй байдалд үнэлгээ хийж, асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй.
Ажлаа алдах эсвэл цалин мөнгөгүй болох вий гэсэн айдсаасаа болж өөрсдийн эрүүл мэндээ ямар ч шаардлагагүйгээр эрсдэлд оруулах нөхцөлд хэнийг ч албадан ажиллуулж болохгүй.
Эдийн засгийг сэргээх яаралтай арга хэмжээ нь, тухайлбал өвчилсөний цалинтай чөлөө олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг сунгах болон наад захын хэрэгцээг нь хангах тэтгэмж олгох нь хямралаас үүдэн гарах ноцтой үр дагавраас урьдчилан сэргийлэхэд тустай юм.
Хувийн нууц
Эрүүл мэндэд хяналт тавих гэдэгт хувь хүмүүсийн зан авир болон үйл хөдлөлийг тогтоож, хянадаг янз бүрийн арга хэрэгсэл орно. Ийм төрлийн ажиглалт, хяналтыг зөвхөн нийтийн эрүүл мэндийн тодорхой зорилгын хүрээнд ашиглаж, тухайн нөхцөл байдалд шаардагдсаны дагуу үргэлжлэх хугацаа болон хамрах хүрээ нь хэмжээ, хязгаартай байх ёстой.
Жендэр
Хямралын үр нөлөөнд охид, эмэгтэйчүүдэд илүү өртөж буй явдлыг шийдвэрлэхийн тулд тэдэнд чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй. Охид, эмэгтэйчүүдийн хувьд гэр орноо асарч, халамжлах үүрэг роль нь нэмэгдэх хандлагатай бөгөөд энэ нь тэднийг стресст илүү оруулж, улмаар халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй юм.
Олон улс орнуудад эмэгтэйчүүдийн дийлэнх нь албан бус ажлын талбарт (гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч, газар тариалан болон гэр бүлийн бизнест туслах ажил хийдэг) ажилладаг бөгөөд тэд хамгийн түрүүнд ажлаа алдах эсвэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалгүй, цалинтай чөлөө авах боломжгүй тул хямралаас гарах үр нөлөөнд хамгийн ихээр өртөх эрсдэлтэй байдаг. Түүнчлэн олон эмэгтэйчүүд хүртээмжтэй, боломжийн үнэтэй хүүхдийн халамж, үйлчилгээнээс хамааралтай байдаг бол, дээрх үйлчилгээний хүртээмж багассанаар тэдний ажиллаж, орлого олох боломж бололцоо хязгаарлагдаж байна.
Настай эмэгтэйчүүдийн хувьд ядуурлын түвшинд амьдрах, маш бага эсвэл ямар ч тэтгэвэрийн орлогогүй амьдрах нөхцөл байдалд ороод байгаа бөгөөд энэ нь вирусын сөрөг үр нөлөөг улам нэмэгдүүлж, тэдний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, цэвэр ус, мэдээлэл болон эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Нийтийн эрүүл мэндийн төлөө авч буй хатуу арга хэмжээнүүд нь, тухайлбал хол хорио нь жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа дотно-хамтрагчийн зүгээс үйлдэх хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдлийг улам нэмэгдүүлж байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод зориулсан туслах үйлчилгээ болон түр хамгаалах байрын үйлчилгээг эн тэргүүнд хэвээр байлгах шаардлагатай бөгөөд хохирогчдыг холбогдох газарт нь үр дүнтэйгээр холбож өгөх, тэдний аюулгүй байдлын хүрэлцээтэй, хүртээмжтэй байдлыг хангах нь чухал юм. Иргэд рүү КОВИД-19-тэй холбоотой зурвас илгээхдээ 24 цагийн дуудлагын утас болон цахим үйлчилгээний талаарх мэдээллийг мөн тусгах нь зүйтэй юм.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хариу арга хэмжээний амин чухал, салшгүй нэг хэсэг гэж үзэх ёстой бөгөөд үүнд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл хэрэглэх боломж, эх болон нярайн эмчилгээ үйлчилгээ, БЗХӨ-ний эмчилгээ, аюулгүй үр хөндөлтийн эмчилгээ болон холбогдох газарт нь үр дүнтэйгээр холбож өгөх үйлчилгээнүүд орно. Нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн амьдрал болон хүний эрхэд нь нөлөөлөх зайлшгүй шаардлагатай бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах нөөц, хөрөнгийг өөр чиглэлд хувиарлахгүй байх хүчин чармайлтыг гаргах ёстой.
Ус
КОВИД-19-ийн эсрэг тэмцэх хамгийн эхний алхам бол гараа савантай цэвэр усаар угаах юм. Гэвч дэлхий дээр 2.2 тэрбум хүн цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Цэвэр усаар хангагдах боломж муутай хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хэрэгцээг шийдвэрлэх нь КОВИД-19-ийн эсрэг дэлхий даяараа амжилттай тэмцэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Усны төлбөрөө төлж чадахгүй хүмүүсийн усны хэрэглээг таслахыг хориглох, ядуурлын түвшинд амьдарч буй болон эдийн засгийн хүндрэлийн нөлөөнд өртөж буй хүмүүст хямралын туршид усыг үнэгүй олгох зэрэг яаралтай арга хэмжээ нь дээрх хүмүүст дэм болох юм.