Монгол Улс цахим хэрэглээгээрээ Ази тивдээ нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт ордог. Ялангуяа цар тахлын гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн дэглэм мөрдөж байгаа эдгээр өдрүүдэд иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж буй.
Манай улсын хувьд цахим залилан 2017 онд 292 бүртгэгдсэн байдаг бол 2018 онд 688, 2019 онд 7000 болж огцом өссөн байдаг. Зөвхөн өнгөрөгч онд цахим гэмт хэрэг 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Гэтэл энэ оны эхний хагас жилд цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос 2.1 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.
Иргэд фэйсбүүк орчинд цагийг өнгөрөөхдөө цахим залилангийн хохирогч болдог бөгөөд хохирогчид фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр болон нууц үгийн фишинг /Phishing/ залиланд өртдөг байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн фэйсбүүк хаягийг хууль бусаар олзлон авч мэдээллийг өөрчлөх, бусдад худалдах аль эсвэл бүртгэлтэй утасны дугаар, цахим шуудангийн мэдээллийг ашиглан иргэдийг залилах замаар интернет банкинд нэвтрэх нэр, нууц үг сэргээж доторх мөнгийг шилжүүлэн авах үйлдэл ихээр гарах болсон байна. Фишинг “Phishing” залилан нь иргэдийн итгэл дээр үндэслэж цахим шуудан, олон нийтийн сүлжээ /фэйсбүүк, твиттер/-д анхаарал татахуйц мэдээлэл нийтэлж, хуурамч холбоосоор дамжуулан жинхэнэ юм шиг харагдах фэйсбүүк болон цахим шуудангийн вэб хуудаст нэвтрүүлж, нэвтрэх нэр, нууц үг зэргийг олж авдаг байна. Фэйсбүүк хаягаа фишинг /Phishing/ залиланд алдсанаар таны хаягийг ашиглаж ойр дотнын хүн болон найз нөхдөөс мөнгө гуйх, танд бүртгэлтэй пэйж хуудас болон группийн эрхийг шилжүүлэн хулгайлах зэрэг цахим залилан хийх эрсдэлтэй болдог.
Жишээ нь: “Өндөр цалинтай ажилд оруулж өгнө”, “Дуртай киногоо доорх хаяг дээр дарж үзнэ үү” гэх мэт хуурамч холбоосыг хүмүүс рүү явуулж нэвтрэх нэр, нууц үгийг авдаг ажээ. Түүнчлэн фэйсбүүк компанийн аюулгүй албаны пэйж хуудсыг дуураймлаар хийж “Та нууц үгээ яаралтай солино уу, таны фэйсбүүк хаяг халдлагад өртлөө” гэх мэт мессежүүдийг хуурамч холбоосын хамт илгээх тохиолдлууд ихээр гардаг байна.
Иймд иргэдийг цахим залилангаас сэргийлэхийг анхааруулж байна.
ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ:
-Бусдын эсвэл нийтийн компьютерт холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал Log out/Sign out үйлдлийг хийн өөрийн хуудаснаас гарч байх.
-Олон нийтийн сүлжээнд танилцаж, холбоо тогтоосон үл таних этгээдэд итгэн хувийн мэдээллээ задруулахгүй байх.
-Хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх.
-Олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон програм болон бусад материалыг шууд татан авахгүй байх.
-Бусдын гар утас, таблет, компьютерыг ашиглахдаа хувийн мэдээллээ ашиглахгүй байх.
Та эдгээр энгийн зөвлөмжийг хэрэгжүүлснээр цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Цахим залилангаас сэргийлэх олон улсын долоо хоног /2020.11.15-21/-ийн хүрээнд тус зөвлөмжийг ХААН банктай хамтран хүргэлээ.