Тандалт судалгааны багийг нэмж, хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах хэрэгтэй талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улс цар тахлын бай болчихлоо. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл халдвар авсан хүмүүсээ ялгаж, анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тандалт судалгааг сайжруулах шаардлагатай. Ихэнх хүмүүс шинж тэмдэггүй явдаг учраас өвтэй хүмүүсээ ялгах нь чухал.
Тандалт судалгааны багийг нэмэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах хэрэгтэй. Иргэдийг гэрт нь байлгаж байгаа учраас шуудан хүргэлтийг зогсоож болохгүй” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Голомтлон гарсан халдварын чухал хэсгийн тандалтын ажил явагдаж байгаа. Хүч хүрэхгүй бол цаашид тандалтын багийг нэмэгдүүлнэ. Улсын хэмжээнд 36 PCR лаборатори байгаа. Үүнээс 10 орчим нь улсын эмнэлгүүдэд бий. Өнөөдрийн байдлаар PCR лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа” гэв.
Н.БАТАА