Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна. Эдгээр төвд дээрх өдрүүдэд 81 иргэнийг хүлээлгэн өгсөн бол өнөө өглөө /2020.11.19/ 64 иргэнийг мөн хүлээлгэн өгч, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч байна.
Улмаар эдгээр иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Нийгмийн хамгааллын тусгай төв нь 12 төрлийн үйлчилгээ үзүүлдэг хараа хяналтгүй, орон гэргүй иргэдийг хүлээн авч өдрийн хоол цай, орон байраар хангаж, бичиг баримтжуулж, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс