УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн УОК-оос хоёр асуулт асуув.
- Өнөөдрийн үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үед нийгмийн харилцааг зохицуулж байгаа одоогийн хууль эрх зүйн орчин болж байна гэж үзэж байна уу. УОК, Засгийн газрын зүгээс ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад эрх зүйн орчны хувьд боломжгүй, зайлшгүй УИХ-аар шийдүүлэх асуудал хэр их байна вэ? УИХ-аар шийдүүлэх асуудал байвал нэн яаралтай цэгцэлж, яаралтай танилцуулах шаардлага байна уу гэж харж байна. Ердийн үеийн нийгмийн харилцааг зохицуулж байсан эрх зүйн зохицуулалтууд, онцгой нөхцөл байдал үүссэн үед харилцан зохицуулахад хүндрэлтэй байдаг. Тийм учраас энэ асуудлыг хөндөж байна. Үүнээс гадна хариуцлагын асуудал хурцаар тавигддаг. Ердийн үеийнхээс хариуцлага илүү чанга, тодорхой байх ёстой. Тийм учраас энэ асуултыг тавьж байна.
- Голомтын тэргүүн шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эмч эмнэлгийн ажилтнууд хүн ардын төлөө тангараг өргөсөн алба хаагчид нойр хоолгүй зүтгэж байна. Алба хаагчид төрийн тусгай албаны статус байхгүй. Бусад төрийн тусгай албаны алба хаагчид бол тухайн салбарынхаа хуулиар эрсдэл учирсан тохиолдолд нийгмийн баталгааг зохицуулах эрх зүйн зохицуулалт тодорхой хэмжээнд байдаг л даа.
Шадар сайд Я.Содбаатар: “Ковид-19 халдварыг дотоодод алдахаас өмнө бид нар ажлын хэсэг гараад Монгол Улсад онцгой нөхцөл байдал үүсэх, гамшгийн үед ажиллах эрх зүйн зохицуулалтын хоорондын уялдаа холбоо дээр дүн шинжилгээ хийгээд хийсэн. Үүний дагуу зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажил явж байсан юм аа. Яг өнөөдөртөө нийгмийн харилцааг зохицуулах хүрээнд УИХ-ын баталж өгсөн Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах хууль гээд холбогдох хуулиудын хүрээнд шийдвэрээ гаргаад явж байна. Яг одоо шийдвэр гаргахад ноцтой, хүндэрсэн зүйл алга. Салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах шаардлага байна. Зарим хуулийн эрх зүйг тодорхой болгох шаардлагууд байна. Энэ хуулиудаа Засгийн газар яаралтай горимоор өргөн барьж байгаа.
Монгол Улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин улс даяар ажиллаж байгаа учраас практик дээр энэ хуулийг нэгийг ч хэрэгжүүлж үзээгүй. Коронавируст халдварын хариу арга хэмжээний төлөвлөгөө байгаа. Үүнийг практик дээр хэрэглэхэд салбар хооронд уялдуулах, зохицуулах шаардлага гарч байгаа. Холбогдох байгууллага шийдвэр гаргаад явж байгаа” гэв.