УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Ковид-19” коронавирусийн цар тахлын эсрэг вакцины асуудал хөндөгдсөн юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцинтай холбоотой асуудлаар дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Дэлхийн банкнаас вакцины санхүүжилтийг хүссэн. Ний нуугүй хэлэхэд мөнгөндөө ч байгаа юм биш. КОВАКС хөтөлбөрийг хэд хэдэн байгууллага санаачилсны нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандсан. Бяртай орнууд ихэнх нь захиалчихсан. Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс учраас бид дөтлөх үүднээс Дэлхийн банканд хандсан. Хүн амынхаа 60 хувийг эхний ээлжид вакцинд хамруулахаар захиалгаа өгсөн байгаа. Нэг хүний хоёр тун буюу нийт 5 ам.доллараар гэж тооцож байна.
Үлдсэн 40 хувийг яах вэ гэж хүмүүс асууж байна. Вакцин шинээр гарч ирж байгаа учраас хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна. Хурдан хугацаанд вакцинд хамрагдах нь гол зорилго учраас бид ийм арга замыг сонгоод байна” гэв.
Вакцин нэг дор бөөнөөрөө орж ирнэ гэж байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд эрүүл мэндийн салбар, болон голомтод ажиллаж байгаа хүмүүсийг вакцинжуулах 20 хувь орж ирнэ гэж харж байгаа юм байна.
Н.БАТАА