Өчигдөр болсон ОХУ-ын засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Владимир Путин тус улс дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн ч хяналтаас гараагүй байгааг мэдэгджээ.
Энэ үеэр тэр Оросын орон нутгийн удирдлагуудад бодит байдлыг нуулгүй, үнэн зөв мэдээлж байхыг даалгасан байна.
“Зарим бүс нутагт нөхцөл байдал маш хүнд байгааг ил тод хэлмээр байна. Бусад бүс нутагт харьцангуй цөөн халдварын тохиолдол илэрсэн тухай мэдээлж байгаа нь тайвшрах шалтгаан биш. Харин тэдгээр бүс нутагт оношилгоо, илрүүлэлт чанартай хэрэгжиж байгаа эсэхэд анхаарал тавих ёстой” гэж Путин анхааруулжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бодит нөхцөл байдлыг нуух, бүх зүйл сайхан байгаа мэт дүр эсгэхийг хэрхэгч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хатуу анхааруулсан байна.
Өчигдрийн байдлаар ОХУ-д халдварын бараг 2 сая тохиолдол бүртгэгдэж, 34,387 хүн Covid-19 өвчний хүндрэлээр амиа алдаад байв.
Тус улсад өвчлөл болон нас баралтын харьцаа дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад бага байгааг зарим ажиглагчид бодит тоо баримтыг албан тушаалтнууд нууцалдагтай холбоотой гэж сэжиглэдэг.
Зарим эх сурвалжууд ОХУ-д коронавирусийн өвчлөлөөр нас барсан хүний тоо 130,000 хүрсэн байх магадлалтайг цуглуулсан тоон мэдээлэл дээр үндэслэн дүгнэж байв.
“Аравдугаар сарын 1-нээс хойш улс даяар нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдол дунджаар 2.5 дахин өссөн. 100,000 хүн тутамд 6.1 тохиолдол оногдож байсан бол өнөөдөр 15.3 тохиолдол болж нэмэгдээд байна” гэж ОХУ-ын засгийн газрын шадар сайд, цар тахалтай тэмцэх хорооны дарга Татьяна Голикова өчигдрийн хурлын үеэр мэдээлжээ.
Орос даяар Covid-19 өвчтөнүүдэд хуваарилсан эмнэлгийн орны ачаалал дунджаар 81 хувьд хүрсэн бол нөхцөл байдал хүнд байгаа 10 бүс нутагт 90-ээс дээш хувьд хүрснийг тэр бас хэлсэн байна.
ОХУ-ын засгийн газар хүн дээр хийх гурав дахь шатны туршилтыг эхлэхээс нь өмнө хоёр вакциныг албан ёсоор бүртгэж, зөвшөөрөл олгоод байгаа.
Голиковагийн мэдээлснээр анхны вакцин Спутник V-гийн 58,000 тунг одоогоор Оросын хүн амыг вакцинжуулахад зориулаад байгаа гэнэ. Вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр арваннэгдүгээр сард 653,000 тун, ирэх сард 2.2 сая тунг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтойг тэр хэлжээ.
Хоёр дахь вакцин болох Новосибирскийн Вектор биотехнологийн хүрээлэнд бүтээсэн EpiVacCorona гурав дахь шатны туршилтаа эхлүүлж, 3,000 орчим сайн дурынхныг хамруулаад байгааг Голикова засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Вектор хүрээлэнгийнхэн гурав дахь шатны туршилтдаа 40,000 хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байгааг өмнө нь мэдээлж байжээ.
Эх сурвалж: CNN
Орчуулан хүргэсэн IKON.MN