Дэлхий дахинд Ковид-19 цар тахал гарснаас хойш Монгол Улс гадаадын улс орноос авсан зээл, тусламжийн зарцуулалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Монгол Улс төсвийн дэмжлэгээр нийт 299.5 сая ам.долларын гэрээ байгуулснаас 66.6 хувь буюу 199.5 сая ам.долларыг нь авсан байна. Үлдсэн 100 сая ам.доллар 2020 оны дөрөвдүгээр улиралд авах гэнэ.
Улмаар төслийн санхүүжилтээр 119.4 сая ам.долларын өртөг бүхий 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр гэрээ байгуулснаас 32.5 сая ам долларыг хүлээн авчээ. Үлдсэн 86.8 сая ам.долларын зээл, тусламжийг энэ улиралд хүлээн авах талаар Ч.Хүрэлбаатар сайд танилцуулав.
Азийн хөгжлийн банк
- Азийн хөгжлийн банкнаас 160.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаас 128.1 сая ам.долларыг авсан. Үүний 100 сая ам.долларыг нь төсвийн дэмжлэг хэлбэрээр авчээ. Харин үлдсэн 30 сая ам.доллараар эм, эмнэлгийн хэрэгсэл авахаар гэрээ үзэглэж байгаа.
- 1.2 сая ам.долларын зээлийн зориулалтыг өөрчилж, зөөврийн рентген аппарат, утлагын аппарат, халуун хэмжигч зэрэг 572 тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, авчээ.
- Мөн Азийн хөгжлийн банкнаас 26.4 сая ам.долларын зээлийг 100 хувь авсан. Хүүхдийн мөнгө, хүнсний талон олгоход зарцуулсан.
- Буцалтгүй тусламжаар 2.5 сая ам.доллар авсан. Үүний нэг сая ам.доллараар ХӨСҮТ-д төхөөрөмж авч, эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн урамшуулал олгосон. 1.5 сая ам.доллараар PCR шинжилгээний лабораторид шаардлагатай төхөөрөмж, шинжилгээний урвалж, оношлуур тоног төхөөрөмж авсан.
БНХАУ-аас 700 мянган ам.долларын тусламж авсан. Энэ санхүүжилтээр халдвар хамгааллын хувцас, амны хаалт, оношлуур зэргийг авсан байна.
Европын холбооноос 50.8 сая ам.долларыг авахаас 16 сая ам.доллар авсан. Гэхдээ үүний зарцуулалт нь ковидтой холбоогүй, өөр зориулалтаар авсан.
ОУВС-гаас төсвийн дэмжлэг хэлбэрээр 99.5 сая ам.долларыг авсан. Төсвийн орлого тасрах үед нөхөх зорилгоор энэ мөнгийг авсан юм.
Дэлхийн банк
- Дэлхийн банкнаас 70 сая ам.доллар авахаас 19.3 сая ам.долларыг хүлээж авсан.
- Цахим эрүүл мэнд төслийн дахин хуваарилалтын хүрээнд 67 нэр төрлийн тоног төхөөрөмж авсан.
- Мөн боловсролын чанарын шинэчлэл төслөөс дахин хуваарилж, аравдугаар сарын хүүхдийн мөнгөнд оруулсан.
- 26.9 сая ам.доллараар эмнэлгүүдийн 1000 орчим тоног төхөөрөмж авахаас гүйцэтгэл 7.8 хувьтай байна.
- Буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллар авна. Одоогоор гүйцэтгэлийн шатанд байгаа.
Япон Улсын Засгийн газраас 9.3 сая авах гэрээтэй ч одоогоор мөнгө орж ирээгүй байна. Японоос эмнэлгийн тоног төхөөрөмж, зарлан мэдээлэх төхөөрөмж зэргийг нийлүүлнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.