Хэнтий аймаг руу хотоос хууль бусаар буюу хулгайн замаар явж очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл бэлэн байдлын зэрэгт шилжин хөдөлгөөн хязгаарласан тохиолдолд хууль бусаар буюу хулгайн замаар зорчсон иргэдийг 500 мянган төгрөгөөр торгох аж.
Хотоос гарах болон аймгуудын гарах орох хөдөлгөөн дээр 24 цагаар постууд ажиллан зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байгаа. Харин УОК-оос гаргасан журмыг зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочийг хуулийн дагуу торгох арга хэмжээг авна гэдгийг албаныхан анхаарууллаа. Хэнтий аймгийн тухайд 80 пост ажиллан 200 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.
Л.Баяр