Улсын Онцгой Комисс/УОК/ өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийж, авч байгаа арга хэмжээгээ танилцуулсан. Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн. Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүргийг өгсөн. Энэ хүрээнд Хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулсан. Өнөөдрийн байдлаар хүнсний ямар нэгэн хомсдол үүсээгүй байна. Улаанбаатар хотын махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлээд байна. Хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт хэвийн явж байгаа бөгөөд ямар нэгэн хориг тавиагүй. Тусгай зориулалтыгн бараа тээвэрлэж байгаа машинуудад маргааш өглөөнөөс наалт наахаар болсон.
Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй хүн байна. Мөн амьжиргаагаа хүнсний талонаар залгуулдаг олон хүн бий. Эдгээр хүмүүст зориулж хүнсний талоны мөнгийг маргаашаас дансанд шилжүүлнэ. Мөн дотуур байранд байгаа оюутнуудтай холбоотой асуудлыг нарийвчлан судалж, хүнсний багц оруулахаар болсон. Энд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй хэлсэн.
Засгийн газар нийтийн тээврийн асуудлаар үүрэг өгсөн. Энэ хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруул, нэг автобусанд явах хүний тоог хязгаарлах, хүн хоорондын зай барих, автобус хоорондын зайг ойртуулах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна. Маргааш нийтийн тээврийг ойрын үед мөрдөж байгаа зарчмын дагуу явах болно. Нөгөөдрөөс автобусаар үйлчлэх цагийн хуваарийг багасгах чиглэл барьж байна. Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно.
Зарим ажилчдыг тусгай зохион байгуулалттай тусгай автобусаар зөөх, нийтийн тээврээр явах асуудлыг мөн судалж байна. Хязгаарлалтад ороогүй хүмүүс өөрсдийн хувийн унаагаар явахыг хориглоогүй” гэлээ.
Мөн “Сөүлийн онгоцоор 96 хувийн магадлалтай оношлох түргэвчилсэн тест ирсэн. Орон нутгууд руу тараана. Мөн маргааш нийслэлд байгуулагдсан 11 цэгээр дам хавьтлуудаас шинжилгээ авна. Даваа гараг гэхэд улсын хэмжээнд бүх хавьтлыг шинжилж дуусгахаар ажиллана” гэлээ.
Н.Батаа