Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад хоёр ч төр засгаас гаргаад байгаа шийдвэрийг зөрчсөн хоёр үйлдэл илэрсэн байна.
Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Мөн согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар дараах зөрчил дутагдал илэрсээ. БЗД-ийн 13 дугаар хороо Санрайс /Sunrise/ зочид буудалд хамтарсан шалгалт хийхэд хоёр иргэнд Соёрхол нэрийн гурван шил архи /задалсан/, Сэнгүр нэршлийн дөрвөн лааз пиво худалдан борлуулж байсныг хураан авч, үйл ажиллагааг зогсоолоо. Мөн дүүргийн 18 дугаар хороонд байрлах Их цагаан даваа ХХК-ийн Цэнгүүн зочид буудалд хяналт шалгалт хийхэд нэг өрөөнд дөрвөн иргэн архидан согтуурч байсныг журамлан буудлын үйл ажиллагааг зогсоосон талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Н.БАТАА