Эх оронд минь урьд нь хэзээ ч үүсч байгаагүй нөхцөл байдал бий болж дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг дотооддоо алдаж эхэллээ.
Бид асар өргөн уудам нутагтай хүн ам цөөхөн улс ч гэлээ нийслэл хотдоо нийт иргэдийн 50 хувь нь амьдардаг, Улаанбаатар маань хүн ам маш их нягтаршил ихтэй хот болоод байгаа билээ. Одоо бидний хамгийн гол баримтлах дэглэм бол гэр гэртээ өөрсдийгөө тархсан халдвараас тусгаарлах, улмаар халдвар тархалтыг зогсоох, хатуу чанд дэглэм баримтлах, урьд нь хэзээ ч орж байгаагүй нөхцөлд дасан зохицох цаг ирлээ!
Ачаалал хэзээ ч буурдаггүй 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай тусламж үзүүлдэг эмнэлэг бол төрөх эмнэлэг, амаржих газар билээ. Төрөх амаржих газар ч гэсэн сийрэг ажиллах ялангуяа жирэмсний эмгэгийн тасаг нэн шаардлагатай жирэмсэн эхчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхэллээ.
Нэгэнт үүссэн тодорхой нөхцөл байдалд, жирэмсэн эхчүүд хэдийд хяналтын газар болон төрөх эмнэлэгт хандах талаар цухас дурдахыг хүслээ.
1.Хэрэв жирэмсний явц хэвийн бол та яг төрөх хугацаа болсон төрөлтийн үйл ажиллагаа эхэлсэн үедээ төрөх эмнэлэгт зайлшгүй хандах ёстой.
Төрөх хугацаа энэ бол сүүлийн биений юм ирсэн сар өдрөөр тооцоод сараас 3 сарыг хасаад өдөр дээр 7 хоног нэмэхэд гарах хугацаа юм. Жишээ нь: 4 сарын 15-нд биений юм ирсэн гэвэл та 1 сарын 22 нд төрнө гэсэн үг юм. Одоо манай эмэгтэйчүүд хяналтанд эрт хугацаанд өргөн хамрагддаг болсон мөн эхо шинжилгээ сар бүр хийлгэдэг болсон тул жирэмсэн эхчүүд төрөх хугацааны талаар ихэнх нь баримжаатай байдаг юм. Жирэмслэлт маань өвчин эмгэг биш нөхөн үржих хүний биологийн процесс учраас эрүүл хэвийн тээж байгаа жирэмсэн эх та өөрийгөө хянах шаардлага үүсч байна.
Төрөлтийн үйл ажиллагаа эхлэнэ гэдэг нь жигд базлалт эхлэх ялангуяа 5-10 минутын зайтай базлалт жигдэрвэл төрөлт эхэлсэнд тооцно. Мөн ургийн ус базлалтгүй үед гарсан бол төрөлт эхэлсэнд тооцно.
Төрөх хугацаа болоогүй ч эмнэлэгт зайлшгүй хандаж эмнэлэгт хянагдах ёстой жирэмсний эмгэгүүд байна.
Үүнд:
1-рт: Жирэмсний хожуу ходлого. Үндсэн тодорхойлолт нь: Жирэмсний 20 долоо хоногоос (5сараас) дээш хугацаанд артерийн даралт ихсэх (агшилтын даралт 30 мм муб-с дээш сулралтын даралт 15 мм муб-с дээш болох) шээсээр уураг алдах ( хоногийн шээсэнд (24 цаг) >0,3 г/л-с дээш уураг алдах) хавагнах шинж гарвал жирэмсний хожуу хордлого гэж үзнэ.
Үндсэн 3 шинжээр илэрдэг.
-артерийн даралт ихсэх
-хавагнах
-шээсээр уураг алдах.
Жирэмсний хожуу хордлого 20 долоо хоногоос дээш ямар ч хугацаанд илэрч болох ба хөнгөн, дунд, хүнд зэргээр илэрч болно.
Хүнд хэлбэрийн хожуу хордлого болон жирэмсний хожуу хордлогын аюултай шинж илэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хандах шаардлагатай.
Жирэмсний хожуу хордлогын аюултай шинжүүд:
-толгой хүчтэй өвдөх
-шилэн хүзүү хөших
-нүдэнд оч харагдах
-дотор муухай оргиж бөөлжих
-аймхай мөгөөрсөн дор ходоод орчим хүчтэй өвдөх
-ухаан самуурах зэрэг болно.
Энэ үеийн хамгийн аюултай хүндрэл бол жирэмсэн эх таталт өгөх ихэс ховхрох аюул юм. Таталт өгснөөр тархинд цус харваж эх амь насаа алдах, ихэс ховхорсноос ураг эндэх, цус алдах, мөн эхийн амь насанд аюул нүүрлэж байдаг. Тусламж үзүүлж яаралтай төрүүлэх арга хэмжээ авахгүй бол эхийн амь насанд аюултай, ноцтой хүндрэлд хүргэдэг эмгэгийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь жирэмсний хожуу хордлого юм.
Хөнгөн хэлбэрийн үед та гэртээ даралтаа тогтмол үзэж байх, дэглэм баримтлах, эмчийн зааврын дагуу даралт бууруулах, хүндрэлээс сэргийлэх эм хэрэглэх шаардлагатай. Гэхдээ даралт бууруулах, таталтаас сэргийлэх эмчилгээ бол зөвхөн шинж тэмдгийн буюу зөвхөн хүлээгдэж байгаа хүндрэлээс сэргийлж байгаа эмчилгээ бөгөөд төгс эмчилгээ биш гэдгийг онцгой анхаарна. Жирэмсэнтэй холбоотой үүссэн эмгэг бол зөвхөн жирэмслэлтийн асуудлыг шийдэж байж ноцтой хүндрэл аюулаас аврагдана гэдгийг онцгой анхааоах ёстой.
Жирэмсний хожуу хордлого бол зайлшгүй эмнэлэг эмчийн хяналтанд байх ёстой эмгэг. Шалтгаан тодорхой бус түүний үүсэлтийг тайлбарлах гэсэн олон онол бий. Манай улсад тохиолдол өндөр, ихэвчлэн жирэмсэн эхчүүдийн эрхтэн тогтолцооны өвчний суурин дээр үүсч хүндрэх нь элбэг бөгөөд судалгаагаар 8-24%, харин эрхтэн тогтолцооны өвчин 42-65% гэсэн статистик байна.
Иймд та хожуу хордлоготой артерийн даралт өндөр, хаван ихтэй, шинжилгээгээр шээсээр уураг алдаж байсан, эмгэгээр жин нэмэгдсэн (жирэмсний хугацаанд 12.5-14.0 кг нэмэгдэнэ.) хожуу хордлогын аюултай шинжүүд илэрсэн бол эмнэлэгт зайлшгүй хандах шаардлагатай.
Эх сурвалж: Анагаах ухааны доктор, Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу