Улсын Онцгой Комисс өчигдөр орой /2020.11.12/ хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг өглөө.
Энэ үеэр цаашид хөл хорио сунгагдвал банкны зээлийн төлөлтийг түр царцаах арга хэмжээг авах эсэх талаар иргэд лавлан асууж байгаа талаар сэтгүүлчид асуулаа. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ “Бид онцгой байдлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлийн арга хэмжээгээ нэн тэрүүнд авч байгаа. Банкны зээлтэй холбоотой асуудлыг бид судалж байна. Зарим иргэн байгууллагаас банкны үйлчилгээ хэвийн явагдахгүй байна гэдэг талаар санал хүсэлт ирсэн. Бид хэд энэ асуудлыг судалж байна” хэмээн хариуллаа.
Өмнө нь /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг баталж ипотекийн зээлийн үндсэн төлөлтийг нийт зургаан сараар царцаах шийдвэрийг гаргаж байсан юм.
Л.Баяр